Монгол Улсын Хөгжлийн банкнаас тайлант хугацаанд хийгдсэн голлох ажлуудаа өнөөдөр танилцууллаа.
Хөгжлийн банкны зүгээс хүний нөөцийг чадавхжуулах, оон улсын банк, болон санхүүгийн байгууллагуудтай ажилтан солилцох гэрээ байгуулах, төслийн санхүүжилтийн үйл ажиллагааг зохион байгуулах мэргэшсэн боловсон хүчин бүрдүүлэхээр ажиллаж буй аж.
Энэ талаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин “Ажлаа хүлээж аваад засаглал, улс төрөөс хараат байх тал дээр анхаарч ажилласан. Монгол Улсын Хөгжлийн банкны зүгээс тэргүүлэх салбаруудын томоохон төслүүдийг санхүүжүүлэх, активын чанарыг сайжруулах, эрсдлийн удирдлагын үйл ажиллагааг сайжруулах, тогтворжуулах зорилгыг тавин ажиллаж байна.
Одоогийн байдлаар Хөгжлийн банкны нийт актив 4.2 их наяд төгрөг байгаагаас пассив талдаа 3.2 их наяд, өөрийн хөрөнгө 1.1 их наяд төгрөг байна.
2019 оны зургаадугаар сарын нэгний өдрөөс эхлэн зээлийн багцын чанар дээр хийсэн гол ажлын нэг нь бүтцийн өөрчлөлт, зээлийн хяналт тусгай активын хэлтэс байгуулсан явдал байлаа. Тус хэлтэс одоогийн байдлаар 704 тэрбумын төлбөрийн зөрчилтэй зээлүүд дээр ажиллаж байна. Үүнд нийт 22 зээлдэгч багтдаг. Хэлтэс байгуулагдсан цагаас хойш нийтдээ 3.2 тэрбум төгрөгийг төлүүлсэн. Түүнээс гадна прокурорын байгууллагад 8 зээлдэгчийн 662 тэрбумын зээлийг шилжүүлж, хамтран ажиллаж байна.
Чанаргүй зээлийн 14 зээлдэгч дээр 45.9 тэрбумын дүнтэй зээлүүд шүүхийн шатанд явж байна.” гэв.