Categories
гадаад мэдээ

Фижи хэмээх арлын жижиг улс анхны алтан медалиа авчээ

Фижи хэмээх жижиг арлын улс Риогийн олимпоос анхныхаа алтан медалийг авчээ. Тэдний алт авсан ”Рагби” хэмээх төрөл нь зуувин бөмбөгийг өшиглөх болон барьж гүйсээр эсрэг талынхаа хаалганд оруулдаг байна. Номхон далайн жижиг арлуудаас бүрдсэн энэхүү улсын удаан хүлээсэн мөрөөдөл нь энэ алтан медаль ажээ. Багийн ахлагч 48 настай Оси Колинисау тэмцээний дараах баярын сэтгэгдлээ хуваалцахдаа “Би ийм боломжийг адисласан бурхандаа маш их талархаж байна. Би хэзээ ч олимпийн медальтан болчихно гэж зүүдэлж байгаагүй. Тиймээс надаар дамжуулан энэхүү алтан медалийг манай улсад авчирсанд маш их баярлаж байна” гэсэн юм. Тэрбээр эцсийн мөчид шийдвэрлэх бөмбөгийг оруулжээ. Британийн гүнж Анна тэдний багт медалийг гардуулан өгөх үед тэд өвдөг дээрээ сөгдөн хүлээж авчээ. Стадионд маш олон Фижичүүд байсан бөгөөд тэдэнд баяр хүргэж алга нижигнүүлэн ташжээ. Фижи улс нь 900 мянган хүн амтай. Газар нутаг нь 330-д жижиг арлуудаас бүрддэг. Эдгээр арлууд нь галт уулуудын идэвхжлийн үр дүнд 150 сая жилийн өмнө бий болжээ. Фижи нь баялаг ой мод, ашигт малтмал болон загасны олборлолтын ачаар Номхон далайн арлууд дундаа хамгийн өндөр хөгжсөн эдийн засагтай улсын нэг юм. Өнөөдөр тус улсын гадаад валютын гол эх үүсвэр нь аялал жуулчлал, мөн элсэн чихрийн экспорт болно. Улсын мөнгөн тэмдэгт нь Фижи доллар.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *