Categories
мэдээ нийгэм

ЭЗЭНТ ГҮРНИЙ ХААН, ИЛ ХААД БОЛОН РОМЫН ПАП НАРЫН ХАРИЛЦАН СОЛИЛЦСОН ЗАХИДЛУУДЫН АЛБАН ЁСНЫ ХУУЛБАРЫГ ХҮЛЭЭН АВАВ

Монголын Улсын гадаад харилцааны хосгүй үнэт дурсгал болсон захидал бичгүүд дэлхийн хэд хэдэн оронд хадгалагдаж байна. Эдгээрийн дунд Ватиканы нууц архивт хадгалагдаж буй Эзэнт гүрний болон Ил хаант улсын хаадын захидал бичгүүд онцгой байр эзэлдэг. Өнөөдөр ГХЯ-нд Ромын Пап IV Инноцентээс Гүюг хаанд ирүүлсэн захидал /1245.03.13/, Ромын Пап IV Урбанаас Ил хан Хүлэгүд ирүүлсэн захидал /1263.05.23/, Ил хан Абагаас IY Клеменцэд илгээсэн захидал /1268 оны зун/, Ромын пап III Николасаас Ил хан Абагад ирүүлсэн захидал /1278.04.01/, Ил хан Абагаас Ромын католик шашны элчид олгосон аян замын баталгаа үнэмлэх бичиг /1279 он/, Ромын пап IV Николасаас Ил хан Аргунд ирүүлсэн 2 захидал /1288.04.02, 1289.07.15/, Ил хан Аргунаас Ромын пап IV Николаст илгээсэн захидал /1290 онд/-уудын албан ёсны хуулбарыг хүлээн авах арга хэмжээ боллоо.


Захидлуудыг Монгол Улсаас Итали Улсад сууж байгаа Элчин сайд Ц.Жамбалдорж тэргүүтэй ЭСЯ-ны хамт олны дэмжлэгтэйгээр Ватиканы нууц архивтай албан ёсны гэрээ байгуулан ГХЯ-ны захиалгаар хуулбарлан авсан болно. Эзэнт гүрний хаан, Ил хаад болон Ромын пап нарын харилцан солилцсон захидлуудыг нэг дор хуулбарлан авсан нь манай улсын хувьд онцгой ач холбогдолтой бөгөөд тухайн цаг үеийн түүхэн харилцааг бүтэн болгон эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах боломжийг түүхч, судлаачдад олгож байна. Эдгээр 8 захидлыг Дипломат албаны музейд байрлуулна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *