Дайн эхэлснээс хойш анхны айлчлал хийж буй баруун Европын хүчирхэг гүрнүүд болох Герман, Франц, Италийн удирдагчдаас гадна Украины хөрш Румын улсын ерөнхийлөгч энэ сарын 16-нд Киев хотод очиж Украины Засгийн газар, ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа албан ёсоор илэрхийлэв.
ХБНГУ-ын канцлер Олаф Шольц“Украины газар нутгийн нэг хэсгийг харгис хэрцгий аргаар булаан авч “дарангуйллын ертөнц” тогтоох гэсэн Москвагийн өнөөдрийн “хий хоосон” хүсэл эрмэлзлийг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй, Оросын энэ империалист үзэл баримтлалыг эцэс болтол нь эсэргүүцэн тэмцэх явдлыг бүх талаар дэмжих болно” гэж онцлон мэдэгдэв. Харин Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон энэхүү айлчлалын үеэр “Украиныг ялах хүртэл Киевийг дэмжих болно. Украин Донбасс төдийгүй Крымыг буцаан авч газар нутгаа бүрэн бүтэн болгох ёстой ” гэсэн бол “Бид түүхийн эргэлтийн цэг дээр зогсож байна. Украины ард түмэн ардчилал, эрх чөлөөнийхөө үнэ цэнийг өдөр бүр хамгаалж байна” гэж Италийн ерөнхий сайд Марио Драги онцлон мэдэгджээ.Харин Румын улсын ерөнхийлөгч Клаус Иоханнис Орос улс “үр тариаг зэвсэг болгон ашиглаж байгааг” зэмлэн буруушаагаад, энэ нь дэлхийн хэмжээнд сөрөг нөлөө үзүүлж байгааг анхааруулсан байна. Энэхүү айлчалын гол үр дүн нь эдгээр улсууд Украин улсыг Европын Холбооны гишүүнээр элсэх албан ёсны нэр дэвшигчийн статустай болоход дэмжлэг үзүүлнэ гэдгээ дэлхий нийтийн өмнө амласан явдал байв. Нэр дэвшигчийн статус нь гишүүнчлэлээс ялгаатай бөгөөд Европын Холбоонд элсэх урт хугацааны үйл явц эхэлж буйг илтгэдэг юм байна.
Мөн энэ өдөр эхэлсэн Санкт-Петербургийн эдийн засгийн форумын үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “ВВС” агентлагийн Москва дахь сурвалжлагч Стив Розенбергт ярилцлага өгч “Бид Украин руу довтлоогүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Барууны улсууд гэмт үйл ажиллагаа явуулан Украиныг НАТО-д татан оруулахыг болиулах гэж л бид цэргийн тусгай ажиллагаа явуулсан… НҮБ барууны улсуудын нөлөөнд орж бидний эсрэг байгаа нь харамсалтай… Бусад улс биднийг юу гэж харах нь бидэнд огт хамаагүй. Бидний байж байгаа маань л энэ. Бид үүнээсээ ичдэггүй” гэж хариулсан байна. Мөн Орос,Их Британийн харилцааны талаар Лавров “Миний бодлоор бидний харилцаанд ямар нэгэн гарц гаргах орон зай үлдээгүй. Учир нь энэ улсын ерөнхий сайд Борис Жонсон, Гадаад хэргийн сайд ЛизТрасс нар дэлхий нийтэд “Бид Оросыг ялах ёстой, бид Оросыг сөхрүүлэх ёстой. Иймээс бид Украинд бүх талаар туслах ёстой” гэж зарлаж байна. Яахав, Англи Украинд тусалж л байг…” гэж хариулсан байна.
Ийнхүү өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн Украины батлан хамгаалах чадварыг сайжруулах зорилго бүхий, Оросын эсрэг олон улсын цэргийн шинэ эвсэл болох “Рамштейны формат”-ын чуулганд эдийн засгаар тэргүүлэгч 39 бус бараг 50 улс оролцсон, Санкт-Петербургийн эдийн засгийн форумд оролцогч улсуудын тоо хэд дахин эрс багассан төдийгүй гол оролцогчдын нэг Казахстаны ерөнхийлөгч Токаев “Донецк, Луганск Ард Улс гэгч нь хагас, хугас улсанцрууд учир тусгаар тогтнолыг нь Казахстан улс хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй, ЗХУ-ын жилүүдэд Украин нь ЗХУ-ын талхны сагс, аж үйлдвэржсэн бүгд найрамдах улс байсан төдийгүй Кремлийн боловсон хүчний гол нийлүүлэгч байсныг бид санаж байна” гэж Путины нүүрэн дээр мэдэгдэв.НАТО-гийн гишүүн Турктэй Казакстан цэргийн гэрээ байгуулж Сирид гарах хаалга нь хаагдсан тул Путин өөрөө хууль бус гэж зарласан талибуудыг уг форумд урьж яаж арчаагаа алдсанаа нотлов. Европын Холбооны голлох том улсуудын тэргүүнүүдийн Киевт хийсэн дээрх айлчлал өндөрлөнгүүт Английн ерөнхий сайд Борис Жонсон гэнэт Киевт айлчилж Украины цэргүүдийг арав, арван мянгаар нь өөрийн улсад орчин үеийн зэвсэг эзэмшүүлж, байлдаанд сургах болсноо ил тод зарлав. Европын Холбоо Украин, Молдов, Гүрж улсын гишүүнээр элсэх нэр дэвшигчийн статусыг авч хэлэлцэн шийдвэрлэхээр болов. Энэ бүхэн ОХУ стратегийн хувьд иж бүрэн ялагдал хүлээснийг дэлхий нийтэд тод томруунаар батлан харуулав. Стратегийн ялагдал хүлээсэн тал хэдэн сарын дараа бүрэн ялагддаг нь нэгэнт хууль болсон зүйл. Үүнийгээ ч путинчүүд маш сайн мэдэж байгаа нь бас батлагдав. Учир нь “ГРУ” гэгддэг Оросын цэргийн тагнуулын байгууллагын нууц ажилтан 36 настай Сергей Владимирович Черкасов 33 настай Бразилын иргэн Виктор Мюллер Феррейрын дүрээр Олон Улсын Эрүүгийн Шүүхэд дадлагажигчаар орох гэж байхдаа баривчлагдан олон улсад шуугиан тарив. Хэрэв Черкасов шүүхэд ажиллаж эхэлсэн бол Оростой холбоотой дайны гэмт хэргийн бодит баримтуудыг устгах байсан гэж энэ явдалтай холбогдуулан хийсэн хэвлэлийн бага хурал дээр Нидерландын албаныхан онцлон мэдэгдэв.
Г.АМАРСАНАА