Categories
мэдээ улс-төр

Европын Холбооноос Монгол Улсад суух Элчин сайд Траян Лауренцю Христеа Ерөнхийлөгч Х.Баттулгад ИЖБ-ээ өргөн барив

Европын Холбооноос Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеа өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Монгол Улс, Европын Холбооны хооронд 1989 оны наймдугаар сарын 1-ний өдөр дипломат харилцаа тогтож, Европын Холбооны Төлөөлөгчийн газар манай улсыг Бээжингээс хавсран ажиллаж байгаад 2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрөөс Улаанбаатарт Төлөөлөгчийн газраа нээн ажиллуулж байсан юм.

Харин ноён Траян Лауренцю Христеа өнөөдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьснаар Европын Холбооноос Монгол Улсад суух анхны Элчин сайд болж байна.

Ноён Траян Лауренцю Христеа Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан Итгэмжлэх жуух бичгийг богино хугацаанд хүлээн авсанд талархаад оюутан ахуй цагаа өнгөрөөж байсан улсдаа эргэн ирж байгаадаа талархаж байгаагаа хэллээ. Мөн Европын Холбоог төлөөлөн Элчин сайдаар суух хугацаандаа худалдааны харилцааг хөгжүүлэх асуудалд нэн тэргүүнд анхаарч, хоёр талын хамтын ажиллагаанаас гадна бүс нутгийн хэмжээнд хамтрах, нийтлэг үнэт зүйлс болох сайн засаглал, хууль эрх зүй, хүний эрхийг хамгаалах тал дээр хичээл зүтгэл гарган ажиллахаа хэллээ.

Хариуд нь, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ноён Траян Лауренцю Христеа ажлын амжилт хүсээд ирэх жил тохиох Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд бодитой ажил хийж, үр дүнтэй угтахыг хүсэв. Мөн Монгол Улсад суралцаж байсан эдийн засаг, нийгмийг сайн мэддэг хүн Элчин сайдаар томилогдсон тул хамтын ажиллагаанд богино хугацаанд дэвшил гарна гэж найдаж буйгаа хэллээ. Түүнчлэн хүний эрх, тэр дундаа хүүхдийн эрх, агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдал, дулаарал буюу цөлжилт зэрэг Монгол Улсад тулгамдаж байгаа асуудлын хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэлж, Европын Холбооноос Монгол Улсад явуулж байгаа төсөл, хөтөлбөрт анхаарч ажиллахаа хэлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Европын Холбооноос Монгол Улсад суух Элчин сайд Трайан Лаурентий Христеаг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Европын Холбооноос Монгол Улсад суух Элчин сайд Трайан Лаурентий Христеаг өнөөдөр хүлээн авч уулзан, Монгол Улсын Ерөнхийлөгчид барих Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Элчин сайдаар томилогдсонд Трайан Лаурентий Христеад баяр хүргээд Монгол Улсын Засгийн газар өөрийн “гуравдагч хөрш” Европын Холбоотой хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөгийг тэмдэглэв.

Уулзалтаар Төрийн нарийн бичгийн дарга Элчин сайдтай Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцож, 2018 онд хамтран хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар ярилцав. Талууд энэ оны 4 дүгээр сард Брюссель хотноо амжилттай зохион байгуулагдсан Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны 18 дугаар хуралдааны үеэр ярьсан зүйлсийг ажил хэрэг болгох чиглэлд нягт хамтран ажиллахын чухлыг тэмдэглэв. Мөн Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 2017 оны 11 дүгээр сараас хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Түншлэл, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Европын Холбооны хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарахыг Элчин сайдаас хүсэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *