Categories
мэдээ нийгэм

Европын холбоо нүүрсний хэрэглээг сэргээхийн эсрэг байна DNN.mn

Европын холбоо нүүрсний хэрэглээгээ сэргээхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Учир нь Хүлэмжийн хий ялгаруулалтаа тэг түвшинд хүргэх зорилго тавьж, нүүрснээс татгалзах бодлого барьж байгаа Европын холбооны хувьд энэ бол ухралт гэж Европын комиссын Ерөнхийлөгч мэдэгдлээ.

Европын холбооны Герман, Франц зэрэг хэд хэдэн орон Оросын эрчим хүчний хязгаарлалтын улмаас нүүрсийг эрчим хүч үйлдвэрлэхэд дахин ашиглах гэж байгаад Европын холбоо, байгаль хамгааллын байгууллагууд санаа зовниж байна. Иймээс Европын комиссын Ерөнхийлөгч “Бид урагш алхахдаа энэ хямралыг ашиглах ёстой, чулуужсан нүүрсний тал дээр бид ухрах ёсгүй” гэж тууштай байр суурь илэрхийлжээ. Эрчим хүчний асар их хэрэгцээтэй Европын холбооны улс орнууд 2050 он гэхэд хүлэмжийн хийгээ тэглэхийн төлөө нүүрсийг эрчим хүчний эх үүсвэрээс хасахаар чармайж байгаа. Гэвч ОХУ байгалийн хийн нийлүүлэлтээ хязгаарлаж байгаагаас Европын зарим орон нүүрснээс гаргаж авдаг эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхэд хүрчээ. ОХУ-ын төрийн өмчит, байгалийн хийн хамгийн том компани Газпром Герман руу хий дамжуулдаг гол хоолойгоор байгалийн хий нийлүүлэлтийг 60 хувиар бууруулна гэдгээ энэ сарын 15-ны өдөр мэдэгдсэн юм. Газпромын энэ мэдэгдэл тус хийн хоолойноос хий авдаг улс орнуудад түгшүүр төрүүлээд байна. Германы Засгийн газар өвлийн улиралд байгалийн хийгээ тодорхой хэмжээгээр хэмнэж, нүүрсээр галладаг дулааны эрчим хүчний үйлдвэрлэлийг түр хугацаагаар нэмэгдүүлнэ гэдгээ өнгөрсөн ням гарагт зарласан. Германы Эдийн засаг, цаг уурын сайд байгалийн хийн хэрэглээг бууруулах нь харамсмаар зүйл боловч зайлшгүй шаардлагатай гэж мэдэгджээ. Мөн уржигдар Нидерландын Засгийн газар нүүрсээр галладаг цахилгаан станцуудад тавьсан хязгаарлалтыг цуцалж, бүрэн ашиглалтад оруулах болсноо зарлалаа.

Түүнчлэн Австрийн Засгийн газар хэрэв шаардлагатай бол нүүрсний дулааны цахилгаан станцаа дахин ажиллуулна гэж мэдэгджээ. Мөн Францын Засгийн газар энэ оны эцэс гэхэд хаагдах ёстой нүүрсээр галладаг хоёр цахилгаан станцын ашиглалтын хугацааг сунгаж магадгүй гэж мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *