Өчигдөр Европын Холбооны эрх баригчид бага болон дунд оврын зөөврийн төхөөрөмжүүдийн цэнэглэгчийг нэг стандарттай болгох төлөвлөгөөг хэлэлцэж, дэмжжээ.
Тодруулбал тус холбооны гишүүн орнуудын зах зээлд худалдаалагдах бүх гар утас, таблет, зөөврийн компьютерууд 2024 оноос эхлэн зөвхөн USB Type-C стандартын цэнэглэгчтэй болох юм.
Үүний улмаас Apple компани Европын Холбооны зах зээлд гаргах бүтээгдэхүүнийхээ цэнэглэгчийн стандартыг өөрчлөх шаардлагатай болж байна.
Гэхдээ энэ нь 2024 оноос хойш үйлдвэрлэгдэх төхөөрөмжүүдэд үйлчлэх ба өмнө нь үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнүүдэд нөлөөлөхгүй юм.
Нэгдсэн стандартыг Европын парламентаар эцэслэн батлуулах ажил энэ зун хэрэгжих гэнэ.
Apple компани өмнө нь цэнэглэгчийн нэгдсэн стандарттай болох санааг эсэргүүцэж байжээ. 2021 оны есдүгээр сард анх энэ санаа яригдаж эхлэхэд Apple компаниас “Зөвхөн нэг төрлийн цэнэглэгчийг хүчээр тулгах нь инновацыг дэмжихээсээ илүү боомилсон хэрэг болно. Үр дүнд нь Европын болон дэлхий дахины хэрэглэгчид хохирох эрсдэлтэй” гэж мэдэгдэж байв.
Одоо тус компанийн гар утас, таблет бүтээгдэхүүнүүд өөрийнх нь зохион бүтээсэн Lightning төрлийн цэнэглэгчтэй үйлдвэрлэгддэг.
Европын Холбооны шийдвэрийн дагуу гар утас, таблет, чихэвч, видео тоглоомын консоль, зөөврийн чанга яригч зэрэг бага болон дунд оврын төхөөрөмжүүд хэн үйлдвэрлэснээсээ үл хамааран USB Type-C стандартын цэнэглэгчтэй болох юм.
Цаашдаа зөөврийн компьютерт бас энэ шийдвэр үйлчлэх гэнэ.
Мөн Европын хэрэглэгчид шинэ төхөөрөмж худалдаж авахдаа цэнэглэгч кабелыг хамт авах эсэхээ шийддэг болох юм байна.
Ийм шийдвэр гаргаснаар электроникийн хог хаягдал багасах, үүнийг дагаад байгаль орчны бохирдол буурах, хүмүүсийн хэрэглээг хялбарчлах ач холбогдолтойг Европын Холбоо тайлбарлажээ.
Тус холбооны гишүүн орнуудын хэрэглэгчид жил бүр 250 саяын үнэтэй цэнэглэгчийг шаардлагагүй мөртлөө худалдаж авдаг, үүний улмаас жил бүр 11,000 тонн хаягдал үүсдэг гэнэ.