Categories
гадаад мэдээ

Европын дөрвөн улс Оросын 43 дипломатчийг нутаг дэвсгэрээсээ хөөв || DNN.mn

Мягмар гарагт Европын Холбооны гишүүн дөрвөн улс Оросын дипломатчидыг тагнуулын ажиллагаа явуулсанд буруутган нутаг дэвсгэрээсээ хөөжээ.

Ирланд, Бельги, Нидерланд, Чех улсын эрх баригчид тус тусын нутагт суугаа ОХУ-ын элчин сайдын яамны нийт 43 ажилтныг хөөх шийдвэр гаргасан байна.

Өнгөрсөн долоо хоногт Польш улсын засгийн газар үүнтэй ижил арга хэмжээ авсан юм.

Бельгийн гадаад хэргийн сайд Софи Уилмес өчигдөр тус улсын парламентад үг хэлэхдээ Брюссель дэх элчин сайдын яамны, Антверп дэх консулын газрын нийт 21 ажилтныг нутаг дэвсгэрээсээ хөөх шийдвэр гаргасныг мэдээлжээ.

Уг арга хэмжээгээ тэр “үндэсний аюулгүй байдалтай холбоотой” гэж тайлбарласан байна.

Нидерландын гадаад хэргийн яам бас тагнуулын нууц ажиллагаа явуулсанд сэжиглэгдэж буй Оросын 17 дипломатчийг хөөхөөр болжээ.

Тагнуулын байгууллагынхаа зөвлөмжийн дагуу Оросын элчингийн дөрвөн ажилтныг хөөх болсноо Ирландын ерөнхий сайд Майкл Мартин өчигдөр парламентдаа мэдэгдсэн байна.

Оросын дипломатчидын явуулж буй үйл ажиллагаа олон улсын дипломат ёсны стандартад нийцэхгүй байгаа тул ийм шийдвэр гаргаснаа тэр тайлбарлажээ.

Чех улсын засгийн газар Прага дахь ОХУ-ын элчин сайдын яамны дэд тэргүүнийг хөөж байгааг өчигдөр бас мэдээлсэн юм.

Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт Польш улс Оросын элчин сайдын яамны 45 ажилтныг тагнуулын ажиллагаа явуулсанд буруутган хөөх шийдвэр гаргаж байв.

Энэ сарын эхээр Болгар, Литва, Латви, Эстони улсууд дипломат үйл ажиллагаанд нийцэхгүй үйлдэл гаргасан Оросын элчин сайдын яамны нийт 20 ажилтныг нутаг дэвсгэрээсээ хөөж байжээ.

Үүний хариуд ОХУ-ын засгийн газар тус улс дахь Эстони, Латви, Литвийн элчин сайдын яамдаас нийт 10 дипломатчийг хөөсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *