Categories
гадаад мэдээ

“Евроазийн эдийн засгийн дээд хэмжээний чуулган-2023” DNN.mn

ОХУ-ын нийслэл Москва хотод энэ сарын 24-25-ны өдрүүдэд “Евроазийн эдийн засгийн дээд хэмжээний форум-2023” арга хэмжээ зохион байгуулагдав. ЕАЭЗФ-2023 арга хэмжээ нь “Олон туйлт ертөнц дэх Евроазийн интеграци” уриан дор явагдсан бөгөөд уг арга хэмжээг өнгөрсөн жил ЕАЭЗХ-ны гишүүн орнуудын хамтын шийдвэрээр байгуулагдсан Евроазийн эдийн засгийн холбооны өдөр буюу тавдугаар сарын 29-ний өдрийг угтан зохион байгуулж байгаа юм байна. 2014 оны энэ өдөр талууд Бүгд Найрамдах Казахстан улсын нийслэл Астана хотноо ЕАЭЗХ-ны тухай гэрээнд гарын үсэг зурсан билээ. Москвад болсон энэ хуралдааны үеэр тэргүүнүүд нь толхилцоод авсан ч Армени болон Азербайжан улс бие биенийхээ нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүлээн зөвшөөрөх талаар тохиролцоонд хүрчээ. Мөн ОХУ, Беларусьд тактикийн цөмийн зэвсэг байрлуулж энэ зэвсгийг Кремль удирдаж байхаар болов.

Энэхүү чуулганы цаад гол зорилго нь В.Путины хэлсэн үгнээс тодорхой болсон юм. Тэрбээр дахин нэг жижиг ЗХУ байгуулах гол алхам буюу “ЕАЭЗХ нэг үзэл сурталтай болох шаардлагатай байна” гэж хэлсэн. Харин Казакстаны ерөнхийлөгч “Орос, Беларусийн хоёр улс, нэг арми бодлого бидэнд гай л авчирна” гэж хэлсэн нь Путинд “стан” улсуудыг Белорусь шиг Оросын нэг муж болгоно гэж санах ч хэрэггүй гэж шуудхан хэлсэн явдал байлаа.

Олон улсын шинжээчид Армен, Азербайжан улсуудын энхийн мэдэгдлийг барууны улсуудын “зөвлөмж” гэж үзэн Армен улс ОХУ-ын мөнгөний “татаас”-аас ангижран холдож буйн баталгаа гэсэн бол тэртээ тэргүй Германаас булаан авсан нутаг болох Калининградад байгаа тактикийн цөмийн зэвсгийг Беларусь улсад байрлуулах нь утгагүй явдал бөгөөд Путин Си даргад “надтай ямар ч гэрээ хийгээд хэрэггүй. Би биелүүлнэ гэж байхгүй” гэдгээ харуулсан ээлжит “тэнэгтэлт” гэж дүгнэв.

Учир нь олон улсын шинчээчид бүгд Москвагийн энэхүү чуулганыг саяхан болж өнгөрсөн “Европын Холбоо-Төв Ази“, “Төв Ази- Хятад” чуулганы эсрэг хийж буй бид “хүчтэй байгаа” гэсэн ойлголт төрүүлэх гэсэн “Дотооддоо зориулсан Кремлийн ээлжит шоу” гэж дүгнэж байна. Учир нь Москвагийн энэхүү чуулганаас өмнө Казахстан, Киргиз, Тажикистан, Туркменистан, Узбекистан улсын ерөнхийлөгч нар Сиан хотод Хятадтай, эдгээр улсуудын ерөнхий сайд нар Казакстан улсад Европын холбоотой хамтран чуулж Оросыг тойруулан “Европ-Төв Ази-Хятад” гэсэн чиглэлд хурдны авто зам, төмөр зам, хий болон нефтийн шугам тавих шийдвэр гарган хэлэлцээр байгуулж ирэх жилээс хэрэгжүүлж эхлэхээр тохироод байгаа юм.

Ингэснээр Хятад Европын холбооны хооронд 30-40 хоног зарцуулж буй тээвэр 7-10 хоног болж буурах аж. Бас Оросын нефть, хийн хамаарал эрс багасна.

Москвагийн энэ чуулгантай давхцуулан Кремль ерөнхий сайдаа Хятадад айлчлуулсан бөгөөд энэ айлчлалын нэг гол зорилго нь Бээжин, Монголоор дайруулах Оросын “Сибирийн хүч 2” хийн хоолойг зөвшөөрүүлэх явдал байв. Энэ шийдвэрийг В.Путин энэхүү чуулган дээр ёслол төгөлдөр зарлах ёстой байлаа. Харин Хятад улс Оросын “Сибирийн хүч 2” хоолойг бус Туркменистанаас жилд 30 тэрбум куб.м хий авах “D шугам”-ыг ирэх оны эхнээс байгуулж эхлэх гэж байгааг Оросын ерөнхий сайдад тодорхой ойлгуулсан нь ойлгомжтой болсон. Энэ асуудлыг олон улсын шинжээчид Бээжин, Монголоор дайрах Оросын “Сибирийн хүч 2” хийн хоолойг санхүүжүүлбэл Хятад улс түрэмгийллийг санхүүжүүлсэн хэргээр барууны хоригт орж болзошгүй, ОХУ сулрах нь Бээжинд ашигтай учир нөлөөгөө нэмэгдүүлэх гэж Туркменистан, Төв Азийн эдийн засгийг дэмжиж байна, Орос нь Беларусаас бусад улс тухайлбал, Молдова, Сири болон Төв Азийг төдийгүй Кавказын нурууны улсуудыг нөлөөнөөсөө алдаж буй явдал гэж тайлбарлаж байна. Саяхан Сири улс Оросын хамаарлаас гарч, 12 жилийн дараа Арабын холбоондоо дахин нэгдсэн бол Владимир Путин энэ чуулганы үеэр Бразилийн ерөнхийлөгч Луйз Инасио Лула да Сильватай утсаар ярьж түүнийг Санкт Петербург хотод болох Олон улсын Эдийн засгийн чуулганд урьсан. Харин Лула “Би түүнд талархал илэрхийлээд, энэ удаа Орост хүрэлцэн очих боломжгүй гэдгээ хэлсэн” гэж өөрийн “твиттер” хуудсанд бичжээ.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *