Categories
мэдээ спорт

“Евро 2016”-д оролцох 24 багийн нэр бүрэн тодорлоо

Ирэх жил олимпоос гадна спорт сонирхогчдын анхаарлыг татах өөр нэг томоохон тэмцээн бол яах аргагүй Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн. Тэгвэл уг тэмцээний урьдчилсан шатны тоглолт албан ёсоор дуусч Францын талбайд өрсөлдөх 24 багийн нэр бүрэн тодорлоо. Урьдчилсан шатны тоглолтоос 19 баг тодорсон. Түүнчлэн зохион байгуулагч орон давуу эрхээр шууд оролцоно. Ингээд үндсэндээ 20 багийн нэр хөлбөмбөг сонирхогчдод мэдэгдээд байв. Тэгвэл өнгөрсөн өдрүүдэд үлдсэн дөрвөн багийн тодруулах “нокаут” шатны тоглолт болж өндөрлөлөө. Эндээс Ирланд, Швед, Украин, Унгарын баг хоёр тоглолтын нийлбэрээр өрсөлдөгчөө хожиж ирэх жил Францыг зорих тийзээ захиалав. Буурал тивийн аварга шалгаруулах тэмцээн ирэх оны зургадугаар сарын 10-наас эхлэх бүтэн сарын хугацаанд үргэлжилнэ. Нэмэлт тоглолтоо эрхээ авсан Унгарын хувьд Норвегийн шигшээтэй тоглож 3:1-ээр учраагаа буулган авчээ. Ингэснээр тэд 34 жилийн дараа тивийн аваргад оролцохоор болж байна. Тус улсын шигшээ хамгийн сүүлд 1972 оны Европын аваргад оролцож хүрэл медалийн төлөө тоглосон ч хожигдож байсан юм. Тэгвэл Ирландын баг Босни Герцогевиний шигшээг хожсоноор тивийнхээ аваргад оролцох эрхтэй боллоо. Тэгвэл уржигдар шөнө Украины шигшээ Словенийн талбайд зочилж 1:1-ээр эвийн гэрээ байгуулав. Тэд өмнө нь өрсөлдөгчөө талбайдаа 2:0-ээр хожоод байсан. Ингээд нийлбэр дүнгээр ямар ч асуудалгүй европын аваргад өрсөлдөх 24 багийн нэг боллоо. Харин Данийн талбайд болсон тоглолтод Шведийн шигшээгийн ноён нуруу Златан Ибрагимович дубль хийснээр багаа аварч Францад болох Европын аваргад оролцох эрхээ авлаа. Энэ тоглолтын дараа Ибрагимович “Би үүнийг л хүсч байсан. Одоо л нэг санаа амарлаа” гэж ярьжээ. Ирэх сарын 24-нд Евродын аваргад оролцох 24 багийг зургаан хэсэгт сугалаагаар хуваах юм. Сугалаанд ямар багууд хамтдаа нэг сагсанд орохоор болсоныг танд сонирхуулья.

Нэгдүгээр сагс: Франц, Испани, Герман, Англи, Португал, Бельги
Хоёрдугаар сагс: Итали, ОХУ, Швейцарь, Австри, Хорват, Украин
Гуравдугаар сагс: Чех, Швед, Польш, Румын, Словак, Унгар
Дөрөвдүгээр сагс: Турк, Ирланд, Исланд, Уэльс, Албани, Хойд Ирланд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *