Categories
гадаад мэдээ

Эверестийн оргилд гурван уулчин амиа алджээ

Эверестийн оргилд гарахаар явсан болон хүрээд буцаж явсан гурван уулчин амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Хэдэн зуун уулчин олон цагаар урт дараалалд хүлээн зогсохоос өөр аргагүй болоод байгааг Балбын хэвлэлүүд мэдээлжээ. Гурван уулчин осолдсон нь энэхүү уулчдын түгжрэлтэй холбоотой гэнэ.

Өнгөрсөн Лхагва гарагт уулчид энэхүү оргилын 8,000 метр өндөрт орших “Үхлийн бүс” гэгддэг нарийн хэсэгт урт дараалал үүсгэсэн байна.

Амиа алдсан гурван хүний нэг нь Америкийн уулчин, 54 настай Дональд Линн Кэш байсан бол нөгөө хоёр нь Энэтхэгийн эмэгтэй уулчин Анжай Кулкарни, эрэгтэй уулчин Калпана Дас нар байжээ.

Кэш өөрийн мөрөөдлийг биелүүлж, дэлхийн долоон тивийн хамгийн өндөр оргилуудад гарч дуусгасныхаа дараа гэрэл зураг авч байгаад зүрх нь зогсож амиа алдсан байна. Тэрээр эхнэр, дөрвөн хүүхэдтэй, АНУ-ын Юта мужийн иргэн байжээ. Охиных нь мэдээлснээр ууланд олон цаг хүлээж зогсох үеэр ачааллаа дийлэлгүй зүрх нь зогссон байх магадлалтай гэнэ. Кэшийн үхлийн дүгнэлт гараагүй байна.

Энэтхэг уулчдын нэг 54 настай Кулкарни нөхөртэйгөө цуг Эверестийн оргилд гарахаар ууланд олон цаг хүлээсний дараа мөн биеийн байдал нь муудаж, амьсгал хураасныг тэдний газарч мэдээлжээ. Нөгөө нэг энэтхэг уулчин Калпана Дас оргилоос бууж явахдаа бас “Үхлийн бүс”-д олон цаг дараалалд зогссоны улмаас бие нь дийлэлгүй амиа алдсан гэнэ.

Энэ улиралд цаг агаарын нөхцөл харьцангүй таатай байгаа тул Эверестэд авирах зөвшөөрлийг нэг дор олноор нь олгосон нь түгжрэл үүсэх нөхцөл болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *