Categories
мэдээ цаг-үе

Эв нэгдэлтэй нэгэн үеийн төгсөлтийнхөн

Увс аймгийн арван жилийн дунд сургуулийг 1993-2003 онд төгссөн нэгэн үеийнхний төлөөлөл манай энэ удаагийн “Нэг анги” буланд зочиллоо. Тухайн үеийн аймаг сумын арван жилийн сурагчид нийлсэн 900 гаруй хүүхэд төгсөж байжээ.

Нэгэн үеийнхний төлөөлөл Ж.Бурмаа ярихдаа “Тухайн үед бид төгсөлт гэхээс илүү анги хамт олондоо маш эв нэгдэлтэй байсан. Аливаа уран сайхан урлаг спортын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохоос гадна нэгэн үеэрээ олон тэмцээнд хамт оролцож, хүч чадлаа сорьдог байсан. Хамгийн гол нь биднийг нэгтгэж байгаа зүйл бол идэвх санаачилга, хүсэл тэмүүлэл. 1993-2003 онд төгссөн нэгэн үеийнхний маань нэгдсэн арга хэмжээ эхлээд жил гаруй хугацаа өнгөрчихсөн байна. Бид олуулаа цуглаж чаддаг нь ямар эв нэгдэлтэйг тод харуулж байгаа байх. Аливаа нэгэн үйл ажиллагаа зохион байгуулахад хамгийн багадаа 200 гаруй хүн ирдэг. Идэвх санаачилга сайтай хүмүүс нэгдсэн байдаг юм” хэмээн хуучиллаа.

Эл төгсөлтийнхнөөс өдгөө олон алдартай хүмүүс байдаг аж. Монгол Улсын аварга С.Мөнхбат, Монгол Улсын гарьд Ж.Өлзий-Орших, МУБИС-ийн математикийн багш доктор Чойсүрэн, MNB телевизийн Монголын радиогийн диктер Б.Бурмаа, ИЗОУИС-ийн хуулийн багш Я.Батханд, Содон констракшны ерөнхий захирал Хүдэрбаатар, Сareer хөгжлийн төвийн захирал Булгаа, Хаанбанкны содон салбарын захирал Нямдорж, Jet сургуулийн захирал Алтансор, Хөх толбо компанийн захирал Оргил зэрэг салбар салбартаа төлөөлөл болсон залуучууд олон байгааг тэд хэлж байв. Хамгийн гол нь нийгэмд өөрийн гэсэн байр суурийг бий болгож, хүмүүсийг удирдан зохион байгуулаад явж байгаа хүмүүс олон байгааг хэлж байлаа. Банк санхүү, эрүүл мэнд, урлаг спорт, улс төр, нийгмийн салбарт өөр өөрсдийн өнгө төрхийг бий болгож, салбар бүртээ амжилттай яваа залуучуудын төлөөлөл бий гэдгийг тодотгож байлаа. Мөн тэдний үеийнхэн аймаг сумдын иргэдийн төлөөлөгчөөр ихэнх нь ажиллаж байгааг дуулгав.

Нэгэн үеийнхэн ярихдаа “Анх бид Career хөгжлийн төвөөр дамжиж залуучуудад хандаж сургалт хийснээр нэг нэгнийгээ мэдсэн. Бид аливаа нэг эхлүүлсэн ажлынхаа ард нь гарч байж санаа амардаг тууштай. Бид уулзаад ярьдаг юм. Саяхан л жоохон байна шүү дээ гэцгээдэг юм. Дэлхий ямар хурдан хөгжиж байгаа билээ. Зүгээр суух завгүй нас шүү дээ. Бидний залуучууд үнэхээр шижигнэсэн залуучууд байдаг. Тухайн үед манай тэнд хоёр гуравхан жил болоод шилжсэн хүүхдүүд чинь мөн л бид нартай нэгдчихсэн явж байгаа юм. Ингээд харахаар бид ямар эв нэгдэлтэй болохыг харж байгаа юм л даа” хэмээн хуучлав.

Нэгэн үеийнхэн “Залгамж 2003” нэртэй төрийн бус байгууллага байгуулж байгаа аж. Тэд энэхүү төрийн бус байгууллагаараа нийгэмд хандсан олон үйл ажиллагаа хийхээр төлөвлөж байгаагаа дуулгалаа. Тус аймгийн төгсөлтүүдийн хооронд урлаг, спортын тэмцээн их болдог гэнэ.

Эл төгсөлтийнхөн Б.Чойжилсүрэн гишүүний төгсөлтийн 40 жилийн ойг тохиолдуулан волейболын тэмцээнд энэ үеийнхэн “Маамуу нааш ир” нэртэйгээр анх удаа оролцон цомыг нь авч түрүүлж байжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард нэгэн үеийнхэн Тэрэлжид сагсны тэмцээн зохион байгуулж мөн цомыг нь авсан талаараа ярьж байв. 15 хоногийн дараа тэмцээн болно гээд бид хоорондоо ярилцаж байхад нэг ч хандивын сан байхгүй хэрнээ хүн бүр сэтгэлээрээ хандаж 12 сая төгрөг цуглуулж чадсан. Манай төгсөлтөөс хамгийн их нь ирсэн. Тэмцээнд оролцоогүй нь хайлмаг, боорцог цайгаа бариад хүрээд ирж байгаа юм. Үнэхээр нэгдэж нийлсэн хүсэл тэмүүлэлтэй хүмүүс байгааг хараад бид ч өөрсдөө бахархдаг. Хамт олон гэдгийг өөрсдөөсөө л орж хардаг юм. Мөн Тэрэлжид хоёр хоног зохион байгуулсан сагсан бөмбөгийн тэмцээний үеэр манай төгсөлтийн тогооч найз маань нялх хүүхдээ дагуулаад тусдаа гэр авч, бидний хоол цайг хийж өгсөн. Аливаа зүйлд сэтгэл зүрхээрээ ханддаг тийм хүмүүс нэг үеийнхэн болчихсон юм” хэмээв.

Тэд үргэлжлүүлэн “Бидний албан ёсны анхны арга хэмжээ энэ жил эхэлж байгаа. Нийгэм рүү чиглэсэн олон үйл ажиллагаа явуулахаар бэлдэж байна. Өнгөрсөн намар бидний хэсэг хүмүүс мод тарих үйл ажиллагаанд гэр бүлээрээ оролцсон. Маш олуулаа нэгдэж нэг санаа зорилго дээр тулгуурлан ажиллаж байгаа учраас нийгэмдээ сайн сайхан зүйлийг хийхээс гадна залуучуудыг зөв зүйлд уриалан дуудсан ажлууд санаачлан зохион байгуулах төлөвлөгөөгөө гаргаад ажиллаж байна. Бидний үеийнхний хийж бүтээх цаг ирчихсэн байна шүү дээ. Зарим хүмүүс бидний үеийнхнийг гайхаж байгаагаа хэлдэг юм. Яаж энэ олон хүнийг нэгтгэж чадаж байна аа гэдэг. Үнэндээ бол хүсэл зорилго нэгтэй хүмүүс байгаа шүү дээ” хэмээн ярьцгааж байв.

Энэхүү төгсөлтийнхөөс олон хосууд төрсөн гэнэ. Тэд арван жилд байхаасаа үерхэж өдгөө нэгэн гэр бүл болсон хүмүүс олон байгааг дурсацгаасан юм.

Тэдний төлөөлөл болсон хэдэн гэр бүл хамтран мод тарьж, түүнийгээ тордож байдаг гэнэ. Мөн энэ төгсөлтийнхөн Хан-Уул дүүргийн номын санг тохижуулж байжээ. Мод тарихаас эхлүүлэн нийгэмдээ хэвшил болгох ёстой зүйл шүү дээ. Эхлэл нэгээр тавигдвал нэлээн хэд болох нь тодорхой байдаг хэмээн ярьцгаав.

Тэд хүүхэд нас, арван жилийн тухайгаа дурсахдаа “Бидний арван жилд инээд хөөртэй олон сайхан дурсамж байдаг. Тэр жил математикийн олимпод оролцох гээд манай үеийн хэдэн хөвгүүд зэргэлдээх сум руу явж л дээ. Нөгөө сумандаа очоод таних айл байхгүй. Гэтэл жолооч нь хээр гадаа хүүхдүүдийг орхилтой нь биш гээд нэг айлд оруулж өгч л дээ. Нөгөө хэд маань 13-ын түмпэнгээр дүүрэн боорцгийг нь идээд дуусгачихсан байсан гэдэг. Тэр нь бас л манай төгсөлтийн охиных байсан байгаа юм. Намар бид хэд уулзаж яриад бөөн инээдэм болж билээ” хэмээн хөхрөлдөв.

Бидэн дотор Х.Баянмөнх аваргын тахилын авдрыг сийлдэг сийлбэрчин залуу байдаг. Тэр маань шинэхэн байгуулагдаж байгаа төрийн бус байгууллагын тамга тэмдгийг хийж өгч байгаа юм” хэмээн сонирхууллаа. Тэд “Нөхөрлөлөөр манлайлъя” гэсэн уриатай аж. Ажлын хэсэг байгуулж хамт олноо удирдан чиглүүлж явдаг гэнэ. Ажлын хэсэгт Монгол Улсын аварга С.Мөнхбат, Монгол Улсын гарьд Ж.Өлзий-Оршихоос эхлүүлээд шижигнэсэн 12 залуучууд байгааг хэлж байлаа.

Тэд нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагаа эхлүүлж өөр өөрсдийн салбартаа анхаарлаа хандуулж ажиллах талаараа дурдаж байв. Нэгдэж нийлж чадаж байна гэдэг олон зүйлийн эхлэл болно гэдгийг ч тодотгож байлаа. Нэгэн үеийн үлгэр жишээ болсон эл төгсөлтийнхөн удахгүй шинэ үйл хэргээрээ дахин уулзахаа хэлсэн юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *