Categories
мэдээ нийгэм

Эцэггүй хүүхэд гэх шалтгаанаар хүүхдээ хогийн саванд хаясан гэж мэдүүлжээ

Өнгөрсөн лхагва гаригт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, ЭНЭМҮТ-ийн хажуугийн хогийн саванд өлгийтэй хүүхдээ хаясан хэрэг гарсан талаар манай сайт анхлан мэдээлсэн.Тодруулбал тэр өдрийн 15 цагийн орчимд хогийн саванд хүүхэд уйлж байгааг мэдсэн иргэн цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байдаг. Мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хүүхдийн эхийг шуурхай эрэн сурвалжилж олж тогтоосон бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.

Дөнгөж сая эх сурвалжаас авсан нэмэлт мэдээллийг хүргэхэд хүүхдийн ээж 22 настай А гэх эмэгтэй сэтгэцийн хувьд эрүүл саруул нэгэн бөгөөд ердөө л эцэггүй хүүхэд өсгөж чадахгүй гэх шалтгаанаар хүүхдээ торонд хийгээд хаясан гэдгээ мэдүүлсэн байна. Тэрбээр тодорхой эрхэлсэн ажилгүй, бүрэн дунд боловсрол эзэмшсэн, Төв аймгийн харьяат, нийслэл хотод түр оршин суух хаягтай байжээ.

Түүнд 2017 оны долоодугаар сарын нэгний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн шинэчилсэн хуульд заасанчлан хүүхдээ “хаях, төөрүүлэх” гэсэн гэмт үйлдсэн гэх зүйл ангиар эрүү үүсгэсэн байна. Тус зүйл ангид хүүхдээ хаясан эхэд “зорчих эрхийг таван жил хорих, таван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэж заасан байна. Нярайн биеийн байдал сайн байгаа бөгөөд одоо ЭНЭМҮТ-д эмчлүүлж буй. Цаашид хүүхдийг улсын асрамжид авах юм байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *