Categories
мэдээ нийгэм

Эцэг, эхчүүд сургуулийн автобусыг үргэлжлүүлэн явуулж, тоог нь нэмэхийг хүслээ

Нийслэл хотод энэ оны арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн “Хүүхдийн автобус” үйлчилгээнд гарч эхэлснийг Баянгол дүүргийн иргэн С.Гэрэлмаа миний бие талархан хүлээж авсан билээ. Миний зээ 24 дүгээр сургуульд сурдаг. Ээж, эмээ хоёр нь ээлжлээд л зөөнө. Ээжийнх нь ажил их, охиноо хүргэж өгчихөөд л ажилдаа очихоор байнга хоцорно, ээжийг нь ажлаас нь хоцроохгүйн тулд эмээгийн үүргээ гүйцэтгэж би зөөнө. Азаар их сайхан шийдвэр гарч “Хүүхдийн автобус”-ыг явуулдаг болгосноор түмний олон мянган үрс, тэр дундаа алслагдсан хороонд амьдардаг бага ангийн сурагчид сургуульдаа очихдоо, сургуулиас гэртээ хүрэхдээ аюулгүй зорчдог болжээ. Энэхүү буянтай сайхан ажлыг санаачилж, хэрэгжүүлсэн Нийслэлийн удирдлагуудад талархаж байгаагаа уламжилж байна.

Энэ удаад та бүхэн 33 чиглэлд 40 автобус гаргаж 3000 орчим хүүхэд тээвэрлэж байгаа юм байна. Тэгвэл ирэх хичээлийн жилд чиглэлийн болон автобусны тоогоо нэмж, улам олон хүүхдэд ээлтэй зорчих боломжийг олгоорой гэж хүсье. Учир нь “Хүүхдийн автобус”-ны ачаар олон арван аав, ээжүүд сэтгэл тайван ажлаа хийж, хүйтэнд унаа тэрэг олдохгүй гэхгүй, хүүхэд өртдөг зам тээврийн ослын хэрэг буурч байгаа гэж иргэн миний бие итгэж байгаа юм. Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2020 он гаргаад нийтийн тээврийн салбарт 200 автобус шинээр авна” гэж ярьж байсан. Үүнийг ажил хэрэг болговол нийслэлийн хамгийн том асуудлын нэг болох нийтийн тээврийн хүртээмжийн асуудал шийдэгдэх юм. Ажил хэрэг болгоорой гэж Б.Отгонсүх дарга болон нийслэлийн удирдлагууддаа захимаар байна. Энэ мэт олон гэр бүл, үр хүүхдэд ач тустай ажил хийсэн хотын удирдлагууддаа ажлын амжилтыг хүсье.

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны иргэн С.Гэрэлмаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *