Categories
мэдээ цаг-үе

Есөн зуун мянган төгрөгөөрөө тов хийтэл Цагаан сараа гаргачихна гэв

Монголчууд бидний уламжлалт Цагаан сарын баяр болоход хэдхэн хоногийн хугацаа үлджээ. Эл өдрүүдэд Монголын мянга, мянган айл өрх дор бүрнээ идээ, ундаа, ууц, шүүсээ базаасаар байна. Харин бид жирийн нэгэн айлыг онцолж сар шинэдээ хэрхэн бэлтгэж байгаа талаар нь сурвалжиллаа. Энэ айл бол 70 хүрч яваа Б.Сэлэнгэ гуайнх юм. Тэрээр эхнэр хүүгийн хамт Чингэлтэй дүүргийн Хайлаастын 15 дугаар хороонд амьдардаг. Эндээ 30-аад жил амьдарч байгаа гэнэ. Түүний хувьд зураг зүйн багш мэргэжилтэй бөгөөд боловсролын салбарт 42 жил ажиллахдаа гавьяат багшаас бусад бүхий л шагналыг хүртэж байжээ. Гэргий Ц.Хасбаатар нь тогооч мэргэжилтэй. Цэцэрлэгийн ахлах тогоочоор ажиллаж байгаад мөн тэтгэвэртэй гарсан байна.

Биднийг очиход Б.Сэлэнгэ гуайнх цагаан сарын буузаа хийхээр зэхэж байсан юм. Мянга орчим ширхэг бууз хийхээр төлөвлөжээ. Хоёр хөгшин энэ удаагийн цагаан сард есөн зуун мянган төгрөг төсөвлөжээ. үхрийн өвчүү, хэвийн боовыг нь дүү нар нь аваад өгчихөж. Тиймдээ ч есөн зуун мянган төгрөгөөрөө тов хийтэл цагаан сараа гаргачихна гэв. Эднийх хүү, охин хоёртой. Хүүхдүүд нь ч ажил төрөлтэй учир тус дэм болдог байна. Хүүхдүүдийнхээ буянд тэтгэврийн зээл авалгүйгээр Цагаан сараа тэмдэглэчихэж байгаа юм хэмээн Б.Сэлэнгэ гуай хэлсэн. Тэрээр дээл хувцаст төдийлөн их мөнгө зардаггүй байна. дээл өмсөхөөр хөлд тулаад байх шиг санагддаг юм. Үндэсний хэв маягийг шингээсэн цамц, дээл зэрэг урьд урьдынхаас чамгүй үнэтэй болсон байна лээ. Тэгээд ч насаараа багшийн ажил хийсэн учир костюм өмссөөр байгаад бүр дасчихсан байна хэмээн инээмсэглэн өгүүлсэн.

Цагаан сарын баяраар хамгийн их мөнгө зардаг зүйл бол зочдын гарыг цайлгах бэлэг байдаг. Тэр дундаа настан буурлуудын хувьд хамгийн их асуудал болдог зүйл нь энэ. Тэгвэл Б.Сэлэнгэ гуайнх хичнээн төгрөгийг бэлэг сэлтдээ зориулдаг талаар асуухад “Манайх цагаан сараар хүн хөл ихтэй гэж жигтэйхэн. Хүүхдүүд, зээ нар минь ирнэ. Хамаатан садан, дүү нар ирцгээнэ. Ажлын газраас ахмадуудаа хүндэтгэж ирж золгоно. Шавь нар маань ч ирдэг юм. Тиймээс манайх бэлэг сэлтэд мөнгө их зардаг даа. Хөгшин бид хоёрын тооцоолсноор 400 мянган төгрөгөөр бэлэг авахаар л болж байх шиг байна. Аз болоход манай энэ ойр хавьд үндэсний үйлдвэрүүд олон бий. оймс, бээлий зэрэг үйлдвэрлэдэг юм. Манайх тэндээс л бэлгээ бэлддэг дээ. Хямд төсөр үнэтэйгээс гадна үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа хэрэг. Харин хоёр зээдээ арай дөнгүүр бэлэг бэлдчихсэн гэж бодож сууна.

Том зээ хүү маань Кино Урлагийн дээд сургуулийн оюутан. Харин бага нь долоодугаар ангийн сурагч. Манай зээ нар зураг зурна, дуулж, бүжиглэнэ гээд авьяастай шүү. Хоёр хүүгийнхээ хичээл номонд нь хэрэг болохоор л юм олж бэлэглэнэ дээ” гэсэн юм.

Сар шинийн баяраар цагаан идээгээр ширээгээ чимэх дуртай Б.Сэлэнгэ гуай Архангай руу айраг захижээ. Төв аймаг руу ч мөн захиад амжсан гэнэ. “Гантай зун байсан учир айраг цагаа ховор л дуулдаж байна. Гэсэн ч энэ ханиад томуутай үед чацаргана, нэрс буцалгачихдаг юм. Хүүхдүүд их сонирхож уудаг шүү. Уул нь хөгшин бид хоёр хашаан дотроо чацаргана, хад, хүнс, нарийн ногоо тарьж даршилан хамаатнууддаа өгдөг байлаа. Энэ жил даршилсан ч үгүй дээ” хэмээн хуучлав. Эднийх Цагаан сарын баяртаа зориулж хамгийн ихдээ гурван шил архи авдаг байна. Ах, дүү, шавь нар нь архи барьж золгох нь цөөнгүй учир олныг аваад хэрэггүй байдаг гэнэ. Б.Сэлэнгэ гуайнх ёс заншлаа бодож өөрийн боломжоороо эл баяраа тэмдэглэхээр сэтгэл догдлон суугаа нь энэ юм. Түүний хувьд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хүн юм байна. Түүнээс бага залуу үед нь нутгийнхан нь Цагаан сар хэрхэн тэмдэглэдэг байсан тухай сонирхоход “Урьд Цагаан сар тэмдэглэх хаалттай байлаа. Харин сүүлд сар шинийн баярыг тэмдэглэдэг болсон. Одоогийнхтой харьцуулахад бид энэхүү баярт хэрэгтэй бүхий л зүйлээ өөрсдөө хийдэг байж дээ. Ууц, шүүс, хэвийн боов, өрөм, ааруул шар тос гээд л. Харин одоо бол бүх л зүйлс бэлэн болжээ. Түүнийгээ дагаад хүмүүс ч хийхийг урьтал болгохгүй худалдаад л авчихдаг болж. Сайн мууг нь хэлж мэдэхгүй л юм даа. Ямартай ч цагаан сар бол бидний ёс заншлыг тээх ач холбогдолтой баяр. Мөн ураг удамаа мэдэлцэж авдаг чухал ач холбогдолтой шүү дээ. Үр хойч минь энэ уламжлалаа алдахгүй тэмдэглэж байгаад талархалтай ханддаг юм. Зөвхөн Монгол Улс нутагтаа сар шинийн баяраа тэмдэглээд зогсохгүй дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчууд минь өөрийн боломж нөхцлөөрөө тэмдэглэн өнгөрүүлдэг болсон байна. Үүнийг сайшаахаас өөр аргагүй” гэв. Б.Сэлэнгэ гуайн хувьд баяр наадам гэхээсээ илүү сар шинийн баярт их дуртай, ач холбогдол өгдөг аж. Учир нь баяр наадмаараа хүмүүс гэр бүлээрээ хөдөө явчихдаг. Харин Цагаан сараар төдийлөн уулзаж чаддаггүй хамаатан садан, ах дүүтэйгээ учирч хэдэн өдрийг хөл хөөртэйхөн өнгөрүүлэх нь сайхан байдаг байна.

Ц.Хасбаатар гуай хүүгийнхээ хамт буузны махаа татаж байна

Сар шинийн баяраа уламжлалт хэв маягаар тэмдэглэдэг айл өрхүүд олон. Харин зарим хүмүүс Цагаан сарын баяраа хамаатнуудаараа нийлэн ресторанд тэмдэглэх нь олонтаа болжээ. Уг үйлчилгээг ч баярын өдрүүдэд үзүүлж, хамаатан саднаараа нэг дороо цугларах боломжийг олгоно гэх ресторанууд ч бий болжээ. Бүр рекламаа цацаад, захиалгаа аваад ч эхэлсэн байна лээ.

Уламжлалт хэв маягаар сар шинийн баяраа тэмдэглэхгүй байх нь ахмад настнуудаа хүндэтгэн очиж золгодог ёсыг эвдэж байна хэмээн шүүмжлэх хүмүүс ч байдаг. Харин зарим нэг нь уламжлалт сар шинийн баяраа хэн хэндээ хүндрэлгүй, хөнгөвчилсөн байдлаар тэмдэглэхэд болохгүй зүйл үгүй гэх нь ч бий. Ямартай ч орчин үеийн энэ жаягаар арав гаруй жил сар шинийн баяраа тэмдэглэж, ах дүүсээрээ баярлаж буй айлууд ч байдаг гэнэ. Ихэвчлэн маш өнөр өтгөн гэр бүлүүд цаг хугацаа, зардалаа хэмнэн ийнхүү сар шинийн баяраа тэмдэглэдэг байна.

Энэ жишгээр сар шинийн баяраа тэмдэглэдэг П.Сарантуяагийн хувьд “Манай нөхрийн талынхан сар шинийн баяраа ресторанд тэмдэглэдэг юм. Ресторанд тэмдэглэдэг болоод багагүй хугацаа өнгөрчээ. Шинийн нэгний өглөө гэр, гэртээ золголтоо хийчихээд бүгд цуглардаг юм. Сар шинийн баяраа тэмдэглэхээр 14-15 ам бүл цуглардаг шүү. Өглөөнөөс орой болтол тоглож наадан, үр хүүхдүүдээ хооронд нь танилцуулж, ураг төрлийг нь мэдэлцүүлдэг юм. Баярын ширээ засахад айл бүхэн оролцоно. Бүх айлууд өөрсдийнхөө идээ, будааныхаа дээжээсээ авчирдаг юм. Ингээд тавгийн боов, ууц, ааруул, өрөмөө нийлүүлэн идээгээ засдаг. Мөн айл бүр гэрээсээ авчирсан бууз, салат, цайгаараа бусдыгаа дайлж, цайлдаг” гэлээ. Ингэж тэмдэглэснээр бүгд нэг дороо цуглачихдаг учир настан буурлууд зочид гийчдийн хөлд хэд хоногийн турш дарагдаж ядрахгүй, давуу талтай байдаг аж. Мөн хөдөө орон нутгийн зочид гийчид хотын түгжрээнд түгжирч цаг заваа барахгүй тул шалавхан золгуутаа дуусгачихдаг гэнэ. Сар шинийн баяраа ресторанд тэмдэглэхэд 300-400 мянган төгрөгийн ханштай байдаг аж. Энэ нь ойролцоогоор 25-30 мянган төгрөг гардаг байна.

Үүнээс өөр хэв маягаар ч тэмдэглэдэг айлууд байдаг аж. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэн Н.Банзрагчийнх есөн ам бүлээрээ сар шинийн баяраа тэмдэглэдэг байна. Сар шинээ тэмдэглэхдээ айл бүр 400-500 мянган төгрөг хураалгаж нэгнийдээ өгдөг аж. Тэрээр “Тухайн жил мөнгө авсан айл нь цагаан сар тэмдэглэж, ах дүү нараа оруулж цайлдаг юм. Есөн ам бүлээрээ нэг дороо л цуглацгаадаг гэсэн үг. Харин зочилж ирж байгаа ах дүү нар нь бусдадаа өгөх бэлэгтэйгээ ирдэг. Жил ирэх тусам л улам өнөр өтгөн болж, цугларах хүмүүсийн тоо ч нэмэгдсээр байгаа. Сар шинийн баяраа тэмдэглэнгээ нэгэн өдрийг хамтдаа сайхан өнгөрүүлдэг дээ. Харин бидний цуглуулж өгсөн мөнгөөр сар шинэ тэмдэглэхээс гадна гэр бүлдээ хүссэн зүйлээ авч болох юм. Энэ нь нэг нэгэндээ өгөөжтэй төдийгүй хүндрэлгүйгээр сар шинийн баяраа тэмдэглэх нэг арга л даа. Гол зорилго нь өгөөжтэй байх үүднээс л үүнийг сэдсэн юм” гэлээ. Нэгнийдээ ийнхүү баярласан ч айл тус бүр гэртэй мах шүүсээ тавьж, идээгээ засдаг аж. Ингэснээр бусад хамаатан садан, худ, ураг, найз нөхөд, ажлын хамт олноо цайлдаг байна.

Г.Мөнхцацрал

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *