Categories
мэдээ улс-төр

Эрве Ладсу манай улсад айлчилж байна


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Энхийг сахиулах
ажиллагааны газрын дарга, ноён Эрве Ладсу манай улсад хийх айлчлал
өнөөдрөөс эхэллээ. Түүнийг дагалдаж НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны
газрын цэргийн зөвлөх, дэслэгч генерал Ахмед Махсуд болон Гулиам Дарме
нарын төлөөлөгчид айлчилж байна. Ноён Эрве Ладсу айлчлалынхаа хугацаанд
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд
Ч.Сайханбилэг, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Хууль зүйн сайд
Д.Дорлигжав нартай уулзахаар товложээ. Маргааш буюу пүрэв гаригт Батлан
сайд Ц.Цолмон ноён Эрве Ладсуг яаман дээрээ хүлээн авч уулзах юм байна.
Ажил хэргийн уулзалтуудаас гадна Эрве Ладсу нарын төлөөлөгчид Үндэсний
түүхийн музейгээр зочилж, Таван толгой дахь Зэвсэгт хүчний “Энхийг
дэмжих ажиллагааны сургалтын төв”-д ажиллаж, Батлан хамгаалах их
сургуулиар орохоор төлөвлөжээ. Дашрамд сонирхуулахад, ноён Эрве Ладсу
1971 оноос Францын Гадаад хэргийн яаманд ажиллахдаа НҮБ-ын Женев дэх
төв, Бээжин, Гонконг дахь тус улсын Дипломат төлөөлөгчийн газруудад
томилогдон ажиллажээ. ГХЯ-ны Америкийн газрын дэд захирал, Гайти-д
суугаа ЭСЯ-нд хэргийг түр хамаарагч, Нью Йорк дахь БТГ-ын дэд тэргүүний
алба хашсанаас гадна Индонези, Зүүн Тимор, БНХАУ-д суугаа Элчин сайд,
Европын аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллага дахь Байнгын
төлөөлөгчөөр тус тус ажиллажээ.

Монгол Улсын Зэвсэгт хүчний НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь
оролцоо нь анхны 2 цэргийн ажиглагч офицерыг 2002 онд Бүгд Найрамдах
Ардчилсан Конго Улсад явагдаж буй энхийг сахиулах ажиллагаанд илгээснээс
эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхий нийтэд
явагдсан НҮБ-ын 11 энхийг сахиулах ажиллагаанд нийтдээ 6700 гаруй
цэргийн алба хаагч, Ирак, Косово, Афганистан Улсад явагдсан эвслийн
цэргийн ажиллагаанд нийт 4500 орчим цэргийн алба хаагч тус тус үүргээ
амжилттай гүйцэтгэсэн байна. БНАКУ, Баруун Сахар, Судан, Этиоп, Эритриа,
Гүрж, Чад, БНӨСУ, Афганистан, Судан Улсын Дарфур муж, одоог хүртэл
хилийн маргаантай бүс нутаг болох Абией муж зэрэг улсад явагдсан НҮБ-ын
11 энхийг сахиулах ажиллагаанд 250 хүнтэй ротоос 850 хүний
бүрэлдэхүүнтэй мотобуудлагын батальон хүртэл, цэргийн ажиглагч офицероос
штабын офицер, холбогч болон зөвлөх офицер, бүсийн командлагч хүртэл
байнга гүйцэтгэх үүргийн цар хүрээг улам өргөжүүлсээр байна. Тодруулбал
ахлагчаас генерал хүртэл цолтой цэргийн алба хаагч үүргээ нэр төртэй
биелүүлсээр байна. Монгол Улсын Зэвсэгт хүчнээс энхийг дэмжих
ажиллагаанд нийт давхардсан тоогоор 11500 орчим цэргийн алба хаагч үүрэг
гүйцэтгэснээс одоогийн байдлаар 1200 орчим цэргийн алба хаагч
ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж байгаагаас НҮБ-ын энхийг
сахиулах ажилллагаанд 950 цэргийн алба хаагч оролцжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *