Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн сургах хөтөлбөрийг Сингапур Улсын Темасек сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Сингапурын Наньянг Политехникийн Их сургууль хамтран 2017-2018 онд хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд нийт 140 нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд 1-3 долоо хоногийн хугацаатайгаар удирдлага манлайллын, менежерийн болон мэргэжилтний түвшний сургалтуудад хамрагдаж байна. Сургалтыг Наньянг Политехникийн Их сургуулиас боловсруулсан хөтөлбөрийн дагуу тус сургууль дээр хэрэгжүүлж байгаа бөгөөд 2017 онд 5 ээлжээр нийт 100, 2018 он гарсаар нэг ээлжийн 20, нийт 120 эмч мэргэжилтэн, менежерүүд сургалтад хамрагдаад байгаа гэнэ.
Энэ удаагийн мэргэжилтний түвшний сургалтанд явах эмнэлгийн мэргэжилтнүүдийг өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзлаа. Тэрээр хэлэхдээ “Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэх энэхүү төслийн зорилго нь нийгмийн эрүүл мэндийн бодлого боловсруулагчид, менежер, мэргэжилтнүүдэд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэдлэг, ур чадварыг олгох сургалтыг зохион байгуулж, чадавхийг бэхжүүлэн улмаар чанартай, тогтвортой нийгмийн эрүүл мэндийн бодлого, практик, хүний нөөц, тогтолцооны удирдлагыг бүрдүүлнэ. Үүний үр дүнд нийгмийн эрүүл мэндийн төвүүдийн удирдлага, тогтолцоо сайжирч, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ сайжирна. Тухайлбал Шинэ мэдлэг, туршлага, мэдээллийг харилцан солилцох, сайн туршлагыг бусдад түгээх; Чадавхийг бэхжүүлэх, сургагч багш нарыг бэлтгэх; Тухайн байгууллага дээр тодорхой өөрчлөлт хийж, шинэ санаа санаачилга нэвтрүүлэх зэрэг ач холбогдолтой. Тиймээс сургалтад хамрагдсан эмч мэргэжилтнүүд тус бүр хамтран ажиллаж буй 4 хүнд сурсан мэдлэгээ хуваалцах сургалт зохион байгуулж, 1 бодлогын/удирдлагын баримт бичиг, арга зүй боловсруулна. Мөн төслийн төгсгөлд сургалтад хамрагдсан мэргэжилтнүүд сурсан мэдлэг, хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг дүгнэж, Темасек Сан, Наньянг Политехникийн их сургуулийн төлөөлөгчдөд тайлагнах ёстой” гэлээ.
Сингапур улс нь газар нутгийн хэмжээ бага хэдий ч 5.6 сая хүн амыг эрүүл, аюулгүй орчинд амьдрах хот төлөвлөлтийг зөв зохион байгуулж чадсан дэлхийн шилдэг туршлагатай орон бөгөөд нийгмийн эрүүл мэндийг тэргүүлэх чиглэлээ болгож, үүнд засгийн газраас эхлээд төрийн бүх байгууллага, олон нийтийн байгууллага, иргэдийн оролцоо, хамтын ажиллагааг ханган ажиллаж хүн амын эрүүл мэндээ сайжруулж байна.