Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Эрүүл мэндийг дэмжих сангийн дүрэм, хөрөнгийг зарцуулах журмыг хэлэлцэн дэмжлээ. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Эрүүл мэндийг дэмжих санг байгуулахаар заасан бөгөөд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар нэмэлт оруулсан.
Эрүүл мэндийг дэмжих сан нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасны дагуу улсын төсвийн хөрөнгө, гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн буцалтгүй тусламж, хандив, гадаад улс, олон улсын байгууллагаас Засгийн газрын шугамаар олгосон зээл болон архи, согтууруулах ундааны онцгой албан татварын 1 хувь, эмийн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын 2 хувь, тамхины онцгой татварын 2 хувийн хөрөнгөөс тус тус бүрдэх юм.
Тус сан нь эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, ухуулга нөлөөлөл, тандалт судалгааны ажлыг зохион байгуулах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулагдах бөгөөд эрүүл аюулгүй амьдралын орчин бүрдүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, орчны эрүүл мэндийг хамгаалах, осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, архи, тамхи, мансууруулах бодисын хорт нөлөөллөөс сэргийлэх эмийн зохистой хэрэглээ зэрэг үйл ажиллагаанд түлхүү анхаарч ажиллах болно.
Эрүүл мэндийг дэмжих сангийн үйл ажиллагааг дахин сэргээсэн нь 2017 оныг Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жилээр зарласантай холбоотой гарсан чухал шийдвэр бөгөөд иргэдэд эрүүл мэндийн мэдлэг олгож, ухуулга нөлөөлөл, мэдээлэл, сургалт, сурталчилгааг эрчимжүүлж, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, нийгмийн эрүүл мэндийг эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах юм гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.