Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭРҮҮЛ МЭНД: Дээд гэдэс буюу 12 нугалаа гэдэс

Хэвлийн хөндийд байрлах хоол боловсруулах эрхтний гол хэсэг нь нарийн гэдэс. Дээд талаараа ходоодны нугалуурын доод амсартай залгагдан эхэлж доош эвхэгдмэл байдалтай үргэлжилдэг. Ингэхдээ бүдүүн гэдэсний эхлэл буюу мухар гэдэсний хажуугаас нийлж байрладаг байна. Тухайн хүний нас хүйс, биеийн онцлогоос хамааран нарийн гэдэс нь харилцан адилгүй хэмжээтэй байх боловч дунджаар таван метр гэж үздэг. Үүнээс урт бол гэдэс мушгирах, орооцолдох зэргээр түгжрэл үүсэх эрсдэлтэй. Мөн хэмжээнээсээ богино бол хоолны шингэц түргэсч, байнга гүйлгэх хандлагатай. Улмаар турж эцэх, жингийн алдагдалд ордог байна. Хүний идсэн хоол хүнс амны хөндийгөөс эхлээд гадагшлах хүртлээ 10 метр орчим зам туулдаг. Энэ явцдаа бутлах жижиглэхээс эхлээд химийн урвалд оруулах, эсгэх зэрэг үйл явц ээлж дараатай явагддаг. Эрхтэн бүр өөр өөрийн үүргээ гүйцэтгэдэг байна. Тиймээс энэ нь гол эрхтэн гэж ялгах боломжгүй юм.

12 НУГАЛАА ГЭДЭС

Нарийн гэдэс нь 4.5-6 м урттай агаад дээд гэдэс буюу 12 хуруу гэдэс, өлөн гэдэс, цутгалан гэдэс гэж гурав ангилна. Дээд гэдэс нь дотроо булцуу хэсэг, уруудах, хөндлөн, өгсөх гэсэн дөрвөн хэсгээс тогтох юм. 12 хуруу гэдэсний уруудах хэсгийн дотор хананы доод гуравны нэгт Фатерын хөхлөг байрлах бөгөөд нойр булчирхай ба цөсний ерөнхий цорго нээгдэж ордог байна. Дээд гэдэсний хана нь салст бүрхүүл, салстын доорх суурь, булчинлаг бүрхүүл, гялтан бүрхүүл гэсэн дөрвөн хэсэгтэй. Салст бүрхүүл нь дан бортгон эмжээрт хучуур эдэн ялтас, жинхэнэ ялтас, булчинлаг ялтсан давхаргуудтай. Гэдэсний салст бүрхүүлийн гадаргуу жигд бус бөгөөд цагариг нугалаас, цэлмэн, сүв зэрэг онцлог бүтцийг бүрдүүлдэг байна. Цэлмэн бол хуруу буюу навчин хэлбэрийн бяцхан ургацаг агаад хүний нарийн гэдсэнд дөрвөн сая орчим байдаг. Цэлмэнг үүсгэхэд салст бүрхүүлийн бүх давхарга оролцдог аж. Цэлмэнгийн урт нь 795 микрометр, өргөн 110-300 микрометр байдаг. Цэлмэнгийн хоорондох хэсгүүд дотогшоо холбогч эд рүү түрэн орж, гуурс маягийн сүвийг бий болгоно. Сүвийн гүн нь 166 микрометр бөгөөд цэлмэнгийн өндөртэй харьцуулахад 1:3.5 байдаг. Сүв орчмын эсүүд маш түргэн өсч үржин, үйл ажиллагааны хувьд ялгаран тодордог тул энэ хэсгийг хучуур эдийн өсөлтийн бүс ч гэж нэрлэх нь бий. Гэдэсний сүвд байрлах эсүүдийн бүрэн төлжилт 4-6 хоног үргэлжилдэг байна. Салст ялгаруулагч хундаган эсүүд хучуур эдийн 9.5 хувийг эзэлдэг. Ходоодонд болосворсон хоол тэжээлийн хэсэг нь нарийн гэдэсний эхний хэсэг арван хоёр хуруу гэдсэнд орно. Элэг болон цөсний хүүдийнээс цөс, нойр булчирхайнаас шүүрэл орж ирж нийлнэ. Нойр булчирхайн шүүрэл нь бикарбонат зэрэг шүлтлэг шүүрэлтэй бөгөөд тэдгээр нь ходоодны хүчлийг саармагжуулан 15 орчмын төрлийн ферментүүд хоол хүнсний гурван үндсэн бүрдэл болох нүүрс ус, уураг, өөх тосыг задална. 12 хуруу гэдэсний дараа нарийн гэдэсний үлдсэн хэсэгт хоол тэжээлийн зүйл задарч, цус тунгалгийн шингэнд шимэгдэж ордог. Ерөнхийдөө хоол боловсрох үйл явц 12-24 цаг үргэлжилдэг. Хоол тэжээл ходоонд 2-4 цаг, нарийн гэдсэнд 1-5 цаг, хоол боловсрох төгсгөлийн шат буюу бүдүүн гэдсэнд өтгөн хэлбэржих үйл явц 12 цаг болно. Задрах нь удаан бүтээгдэхүүнүүд удаан шимэгддэг байна.

Нарийн гэдэсний хоол боловсролт нь хөндийн ба ханын хоол боловсруулалт, шимэгдэлт гэсэн гурван үе шаттай явагддаг байна. Нарийн гэдэсний үндсэн үүрэг нь 12 хуруу гэдсэнд химийн урвалд орж шингэрсэн хүнсийг эсгэх маягаар боловсруулдаг гэж үзэж болно. Нарийн гэдэсний дотор хана маш олон өвөрмөц булчирхайнуудтай. Тэндээс эсгэх үүрэгтэй шүүрлүүд буюу салст ялгардаг.

НАРИЙН ГЭДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН

Нарийн гэдэс хоёр хэлбэрийн агшилттай байна. Холих агшилт буюу нарийн гэдэсний дагуу хэсэгчилсэн агшилт. Нэг агшилтын урт нь нэг см бөгөөд нарийн гэдэсний хэсэгчилсэн агшилтыг үүсгэнэ. Нэг минутад 8-12 байж, хоолыг нарийн гэдэсний шүүстэй хольдог байна. Гүрвэлзэх хөдөлгөөн нарийн гэдэсний хэсэг бүрт явагддаг. Нарийн гэдэсний эхлэл хэсэгт хурдан, төгсгөл хэсэгт удаан байдаг аж. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн түргэсвэл хуржигнан дуугарч, базлан өвдөж, гүйлгэх ба энтерит буюу гэдэсний үрэвслийг үүсгэдэг байна. Гүрвэлзэх хөдөлгөөн түргэсэх үед нарийн гэдэсний тодорхой хэсэг орооцолдох, зангирах, мушгирах зэргээр гэдэсний түгжрэл үүсдэг. Улмаар хэвлийн хөндийн хурц эмгэг үүсэх нь цөөнгүй. Хамгийн түгээмэл нь мухар олгойн үрэвсэл. Дараа нь цөсний эмгэгүүд ордог байна. Цочмог хурц өвчний нэлээд хүнд хэлбэр нь гэдэсний түгжрэл байдаг бол цаашлаад нарийн гэдэс цоорох тохиолдол хэвлийн гялтангийн үрэвсэл буюу перитонит болдог байна. Хүний амь насанд хамгийн эрсдэлтэй хүндрэл болох перитонитын үед эмчилгээний олон хэлбэр байдаг. Хамгийн эцсийн бөгөөд найдвартай арга нь нарийн гэдсэнд хиймэл цорго үүсгэх. Нарийн гэдэс хэвлийн хөндийн гол хэсэгт чөлөөтэй хөдөлж байхаар зохицуулагдсан нь хоол хүнсийг зайлах, сэгсрэх, урсгах, түр зогсоох зэргээр сайтар боловсруулах онцлогтой болгодог юм. Нарийн гэдсийг бүдүүн гэдэс бүх талаар нь хамгаалах байдалтай хүрээлж байх бөгөөд бүдүүн гэдэснээс ялгарах дулаан энерги нь нарийн гэдсэн дэх шингэнийг тодорхой түвшинд бүлээцүүлж байдаг. Гэдэс даарсан үед хөдөлгөөн түргэсч хуржигнан базалж өвддөг шүү дээ. Тиймээс хоол идсэний дараа гэдсээ дулаан байлгах нь хоол гүйцэд боловсрох ач холбогдолтой.

ЭМГЭГҮҮДИЙН ТАЛААР

Ходоод, дээд гэдэсний мэдрэл шингэний зохицуулга алдагдан, эдгээр эрхтний шүүрэл, хөдөлгөөний үйл ажиллагаа хямарч, салст бүрхүүлийн хэсэг газрын тэжээлийн доройтлын улмаас шархлаа үүсдэг, олон дахилттай, мөчлөг явцтай, даамжрах хандлагатай архаг эмгэгийг шархлаа өвчин гэнэ. Уг өвчний шалтгаан бүрэн төгс тодорхой бус боловч хеликобактери, сэтгэлийн хүчтэй хямрал, удамшил, архи, тамхи, эмийн зэрэг хүчийн зүйлийн нөлөөгөөр үүсгэгдэж болно. Хеликобактери ходоодны шархлааны үед 60-70%, дээд гэдэсний шархлааны үед 85-100% илэрч байгаа нь шархлаа өвчин үүсэхэд хеликобактери онцгой нөлөөлдөг гэсэн үг. Шархлаа өвчний үндсэн зовиур нь өвдөлт юм. Өвдөлтийн байрлал ходоодны шархлааны үед аюулхай орчимд, дээд гэдэсний шархлааны үед аюулхай хүйс хоёрын дунд хэсэгт байрладаг байна. Голдуу хорсож өвдөх ба өвдөлт дамжихгүй, хооллолттой ихээхэн хамааралтай. Тухайлбал, ходоодны аль хэсгийн шархлаа гэдгээс хамаараад хоол идсэний дараа 1/2-1, 2-3 цаг болоод өвддөг бол 12 хуруу гэдэсний шархлааны үед хоол идсэний дараа 5-6 цаг болооод илэрдэг байна. Шархлаа өвчний өвдөлт үдээс хойш, хавар, намрын улиралд заримдаа гэнэт өвдөх үечлэлтэй байна. Ходоод, гэдэсний хямралын хам шинжээс өвчтөн голдуу хоолны дуршил ихтэй байх ба заримдаа өвдөлтөөс айсны улмаас хоолноос татгалздаг байна. Мөн гэдэс, ходоодны сөргөөний улмаас цээж гашуу оргих, гашуунаар хэхрэх ба хүндрэлийн үед огиулж бөөлжинө. Энэ өвчнөөр ихэнхдээ 20-50 насны эрэгтэйчүүд өвчилдөг. Жил ирэх тутам тоо нь нэмэгдсээр буй. Хэрэв өвчнийг цаг тухайд нь эмчлэхгүй бол шарх сэдэрч, ходоод, гэдэсний ханыг цоолж цус алдах хүндрэл учрахаас гадна өвчин даамжирвал хорт хавдарт хүргэж амь насанд аюул тулгардаг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *