Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн төслийн саналыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгана

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хугацааг ирэх сарын 9-нөөр тогтоов.

УИХ-ын нэр бүхий 62 гишүүний гарын үсэг зурж өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж буй энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүлсэн. Тиймээс Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төслийг судалж, боловсруулах, саналын түвшинд харгалзан үзэх, зөвшилцөх шаардлагатай боллоо. Иймд одоо хэлэлцэгдэж байгаа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хугацааг ирэх сарын сарын 05-ныг хүртэл байхаар тогтоолын төсөл тусгасан ч байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд ирэх сарын 9-нөөр тогтоох санал гаргаж, дэмжсэн тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хуралдааны эхэнд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Д.Эрдэнэбат нарын гишүүд асуулт асуун тайлбар авч, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ирэх сарын 9-нийг хүртэлх хугацаанд Ерөнхийлөгчийн саналаар өргөн хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой эсэхийг тодруулсан юм. УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хариултдаа, нэг үзэл баримтлалтай төслийг бие даасан байдлаар зэрэгцүүлэн хэлэлцэхийг хуулиар хориглосон байдаг. Хоёр хуулийг зэрэг хэлэлцэж болохгүй учраас одоо хэлэлцэж буй Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл дээр Ерөнхийлөгчийн саналыг тусгаж, нэгтгэхэд ажлын баг, дэд багууд ажиллана гэв. Мөн тэрээр Энэ процессыг ил тод байлгаж, улс төрийн нам, иргэдийн оролцоо нийгмийн зөвшилцлийг хангах хуулийн заалттай байдгыг хэллээ.

Ийнхүү санал хураахад гишүүдийн олонх тогтоолын төслийг дэмжиж, баталлаа.

Дараа нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн мэдүүлсэн төслийн саналыг зөвшилцөх “Ажлын баг байгуулах” тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төсөлд, Ажлын багийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга даргалж, орлогч даргаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогтыг томилохоор тусгажээ. Гишүүдэд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, С.Эрдэнэ нарыг оруулсан байна. Хуралдаанд оролцсон гишүүдийн 79.2 хувь нь дээрх тогтоолын төслийг батлахыг дэмжсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *