Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаас өөрийн хүсэлтээр татгалзахаар болсноо мэдэгдсэн П.Цагаан өнөөдөр өөрийнх нь оронд томилогдож буй УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ын дарга асан Ц.Баярсайханд тамгаа гардуулан өгчээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан наймдугаар сарын 24-д Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хэвлэлийн бага хурал зарлаж өөрийн ажлаа өгч байгаа тухайгаа мэдэгдэж байсан билээ. Тэрбээр “Өнөөдөр Монголын нийгэмд хуримтлагдсан олон асуудлыг шийдвэрлэх, Монголын ирээдүйг тодорхойлоход Ардчилсан намын хүлээх түүхэн үүрэг их билээ. Ардчилсан намын бодлого, үйл ажиллгааг намын гишүүд, олон түмний оролцоотойгоор улс орны ирээдүйн хувь заяа, эрх ашигт нийцэхүйц байдлаар шинэчилж, АН-ыг ардчиллын суурь үнэт зүйлсийг мэддэг дээдэлдэг, эрхэмлэдэг залуу үеийнхнээр бэхжүүлэхийг цаг үе шаардаж байна. Аливаа шинэтгэлийг уг шинэтгэлийн зайлшгүйг ойлгосон, мэдэрсэн, бас хэрэгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй хүмүүс л хийдгийг би мэднэ. Энэ амаргүй үйл хэргийг манлайлж, хатаагдсан ахмад үе, ид жагсаж яваа дунд үе, ихийг бүтээх өрнүүн эрмэлзлэлтэй залуу үеийнхний холбоос, гагнаас, гүүр нь болон хамтран ажиллаж, зохион байгуулж хүссэн үр дүнд хүргэж чадна гэдэгтээ итгэлтэй байна” гэж байсан юм.