Categories
мэдээ туслах-ангилал улс-төр

Ерөнхийлөгчийн сонгуулиас 150 хоногийн өмнө холбогдох хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахгүй

УИХ дахь МАН-ын бүлэг хурал өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Н.Энхболд нар мэдээлэл хийлээ.

МАН-ын бүлгийн хурлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг тус тус хэлэлцсэн байна. Бүлгийн гишүүд дээрх хуулийн төслүүдийг дэмжихээр байр сууриа нэгтгэжээ. УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-УИХ-ын болон орон нутгийн сонгууль нэг хуулиар явсан. Манай нам бол энэ гурван сонгуулийг тусдаа хуулиар зохицуулах нь зүйтэй гэж үзэж байсан. Гэвч УИХ-аар хэлэлцээд нэг хуулиар зохион байгуулахаар болсон юм. Гэтэл “СЕХ-ноос бүх сонгуулийг нэг хуулиар зохицуулах нь төвөгтэй байна. Тиймээс тусдаа хуультай болох нь зүйтэй” гэдэг саналыг Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэн. Ингэхдээ 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд суурилж саналаа ирүүлсэн. Тухайн үед буюу 2013 онд УИХ-д таван нам байсан. Тиймээс хуульд байгаа үндсэн гол санаа, шалгуур үзүүлэлт, зохицуулалтыг хэвээр нь аваад, шинэчлэн найруулах нь зүйтэй гэж Байнгын хороо шийдсэн. Харин зохион байгуулалттай холбоотой шинэ заалт оруулж байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгдүгээр сарын дунд үед багтаан хэлэлцээд, Ерөнхийлөгчийн сонгууль болох хугацаа товыг зарлах зорилготой байгаа. Энэ хуульд УИХ-ын даргын захирамжаар парламентад суудалтай намуудын төлөөлөл орсон ажлын хэсэг гаргаж ажиллуулахаар тохирлоо. Энэ төслийг МАН-ын бүлэг дэмжсэн хэмээн мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-СЕХ-ноос Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг тусад нь батлах нөхцөлийг ямар үндэслэлээр гаргасан бол?

-СЕХ-ноос саналаа гаргахдаа сонгуулиудыг тус бүрт нь өөрийнх нь хуулиар явуулж байх нь илүү тохиромжтой байна гэсэн үндэслэлээр бидэнд тухайлсан заалтуудыг нэрлэж ирүүлсэн. Хэрэглэхэд тохиромжгүй,ойлгомжгүй заалтууд нь үндсэндээ техникийн шалтгаантай зүйлүүд байсан юм. Түүнээс биш сонгуулийн тухай хуулинд тогтолцоотой холбоотой зарчмын томоохон өөрчлөлтүүд хийгдэх шаардлагатай биш гэж үзсэн. Зөв, эмх замбараатай, зохион байгуулалттайгаар сонгуулийн үйл ажиллагааг явуулахад чиглэсэн санал дээр тулгуурласан төслийг оруулж ирсэн гэж ойлгож болно.

-Сонгуулийн тухай хуулинд зургаан сарын өмнө өөрчлөлт оруулахгүй гэдэг заалтаа орхигдуулснаас үүдэж, өнгөрсөн сонгуулийн өмнө нэлээд маргаан дагуулсан. Энэ хуулийн төсөл дээр уг заалт тусгасан уу?

-Ерөнхийлөгчийн сонгуулийг зургадугаар сарын сүүлээр зохион байгуулна гэж бодоход нэгдүгээр сард багтаан холбогдох хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулчихбал онцын зөрчилдөх зүйл үүсэхгүй гэж байна. Сонгуулиас 150 хоногийн өмнөөс холбогдох хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулахгүй гэсэн заалт оруулж өгсөн байгаа.

-Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай намууд өрсөлдөхөөр хуулийн төсөлдөө зааж өгсөн. Бие даагч С.Жавхлан гишүүн өөр намд элссэнээр тухайн намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломж бүрдэх үү?

-Өмнөх сонгуулийн тухайн хууль, тогтоомжууд дээр УИХ-д суудалтай нам гэсэн ойлголт янз бүрээр тайлбарлагдсан байдаг. Энэ хуулиийн төсөл дээр УИХ-д нам эвслээс нэр дэвшиж сонгогдсон гишүүн бүхий намыг парламентад суудалтай гэж үзнэ гэсэн тодорхойлолт орж байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *