Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичиг барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчид Хорват, Узбекстан, Гүрж улсын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичиг барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр үдээс хойш Бүгд найрамдах Хорват улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Небойша Кохарович, Бүгд найрамдах Узбекстан улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Даниер Джавдатович Курбанов, Гүрж улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Давид Апциаури нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд нарыг хүлээн авч уулзав.

Бүгд найрамдах Хорват улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Небойша Кохаровичийг хүлээн авч уулзах үеэрээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэн  идэвхжүүлэхэд шинээр томилогдон ирж буй Элчин сайдын үйл ажиллагаа чухал түлхэц болно гэдгийг тэмдэглэж амжилт хүслээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчтэй Бүгд найрамдах Узбекстан улсын Элчин сайд Даниер Джавдатович Курбанов уулзахдаа Монгол Улс, Узбекстан улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй, үр дүнтэй хамтран ажиллаж байгааг болон хоёр орны хамтын ажиллагаа өргөжиж буйг онцлон тэмдэглэлээ.

Гүрж улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Давид Апциаури Монгол, Гүрж хоёр орон эртнээс уламжлалт сайн харилцаатай явж ирснийг дурдаад цаашид ч харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв. Мөн Монгол Улсад хөгжил, цэцэглэлтийг хүсэн ерөөлөө. Хоёр орны парламентын гишүүд, бизнесийн төлөөлөл харилцан айлчилж, хоёр талын хамтын ажиллагаа улам гүнзгийрч буйг Монгол Улсын Ерөнхийлөгч тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинээр томилогдсон Элчин сайд нарт амжилт хүсч, Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Гадаад харилцааны яам тэдний ажилд тусламж дэмжлэг үзүүлж ажиллах болно гэлээ.