Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхав. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүндэт зочныг өргөн бүрэлдэхүүнтэйгээр, хүйтний эрч чангарсныг үл анзааран алс Европоос Монголд айлчлан ирсэнд талархаж буйгаа илэрхийллээ.
Ерөнхий сайд Виктор Орбан Монголоос Унгарт сургах оюутны тоог нэмэгдүүлэхэд анхаардаг гэлээ. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Унгарт суралцах монгол оюутны тоог нэмэх гэж буйд талархал илэрхийлж, хүнд хийж буй хөрөнгө оруулалт хамгийн чухлыг тэмдэглэлээ. Ерөнхий сайд Виктор Орбан ирэх долдугаар сард Монгол Улсад болох АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоо энэ үеэр илэрхийлэв.