Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Унгарын Ерөнхийлөгч Янош Адер нар уулзалт хийв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Унгар Улсын Ерөнхийлөгч Янош Адер нар ганцаарчилсан уулзалт хийлээ.

Ганцаарчилсан уулзалтын үеэр хоёр орны харилцааны зарим асуудлыг хөндөн ярилцлаа. Хоёр улсын хооронд 1950 оны дөрөвдүгээр сард дипломат харилцаа тогтоосноос хойш 65 жил өнгөрч байна. Унгар Улс Улаанбаатар дахь Элчин сайдын яамаа 2006 онд хаасан боловч энэ оны долдугаар сард сэргээн нээхээр болжээ.

Унгарын Ерөнхийлөгч Янош Адерын Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал нь 1994 онд Унгарын Ерөнхийлөгч асан Гөнц Арпадын Монголд хийсэн айлчлалаас хойш 21 жилийн дараа Төрийн тэргүүний түвшинд хийж буй гэдгээрээ онцлог юм. Унгарын Ерөнхийлөгч Янош Адер Азид айлчлахдаа Монголд заавал айлчилна гэсэн төлөвлөгөөтөй байснаа энэ үеэр дурдлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2014 оны аравдугаар сард Унгарт хийсэн айлчлал амжилттай болсон талаар ганцаарчилсан уулзалтын үеэр тэмдэглэлээ.

Хоёр орны хооронд уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж байгаа бөгөөд Унгар Улс Европын холбооны гишүүний хувьд гуравдагч хөрш хэмээн харилцааны түвшинг тодорхойлж болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *