Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч С.Зоригийн хэргийн талаар тайлбар хийв

Сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж С.Зоригийн хэргийн талаар сэтгүүлчийн асуултанд хариулав.

Э.Бат-Үүлийг би үргэлж дэмжиж ирсэн. Баатар болтол нь дэмжсэн дээ. Цаашдаа ч дэмжинэ. Би түрүүнд хэлсэн. С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байгаа ажлын хэсэг дээр хэн нэгнийг хэлмэгдүүлэх ямар ч зорилго байхгүй. Байх ёсгүй гэдгийг Ерөнхий прокурорт би үргэлж хэлж байгаа. Ер нь улс төрөөс болоод хэн нэгнийг хардаж байна гэж бодсоор энэ хэрэг удсан байх. Би бол ингэж хардаг. Өөрийн бодол өөртөө л зөв гэдэг шүү дээ. Хүн санал бодлоо илэрхийлэх бүрэн эрхтэй. Хууль хяналтын байгууллагын энэ хүмүүст талархаж явах хэрэгтэй. Үнэхээрийн хэцүү ажил хийж байгаа. Ерөнхийлөгч болсоор өдөр тутам анзаарч явдаг зүйл маань бол Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн алуурчиныг, ямар нөхцөл байдал тэр үед үүссэнийг монголын ард түмэнд хүргэх хэрэгтэй л гэж бодож явдаг. Энэ хуулийн байгууллагынхны үйл хэрэгт Э.Бат-Үүл талархаж явах хэрэгтэй. Монголын ард түмэн талархаж явах хэрэгтэй. Би энэ хэрэг нэлээн ахицтай явж байгаа гэж бодож байгаа. Энэ хэрэг яагаад нууцлагдмал байгаад байна гэхээр эхнээс нь Тагнуулын байгууллагад харьяалуулаад илрүүлэх үйл ажиллагаанд нь тагнуулын газрын гүйцэтгэх ажиллагааны дандаа нууцлалтай байдаг тэр зүйлүүд орчихсон учраас энэ хэргийн нууцлал гэж яриад байдаг юм. Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мөрдөн шалгах сэтгүүл зүйн хүмүүс энэ хэргийн эцсийн хуудсыг нь эргүүлэх байлгүй. Энэ хэрэг илрэхгүй 18 жил боллоо. Дахиад 18 жил монголчууд энэ хэргийн эцсийн чулууг нь хүртэл эргүүлж харах байх гэж би бодож байна. Гэхдээ үүнийг илрүүлэхийн тулд эхнээс нь явсан цөөхөн хүн байдаг. Ямар хүнд гэдгийг мэднэ. Би Ерөнхийлөгч болоод Аюулгүйн зөвлөл хуралдуулаад тусад нь зөвлөмж гаргасан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *