Хөвсгөл аймагт ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
өчигдөр үдээс хойш аймгийн төв Мөрөн суманд хүрэлцэн ирлээ. Монгол Улсын
Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийг ийнхүү
хүрэлцэн ирэхэд Мөрөн сумын Чингүнжавын талбайд Төрийн далбаа мандуулж,
цэргийн хүндэт харуул жагсан Төрийн дуулал эгшиглүүлж угтлаа.
Угтах ёслолын дараа аймгийн Драмын театрт Монголын хамгийн олон буюу
128 мянган хүн амтай Хөвсгөл аймгийн иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийж,
Монгол Улсын Ерөнхийлөгч дэлгэрэнгүй үг хэлэн иргэдийн сонирхсон
асуултад хариулт өгөв.
Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Би энд та бүхэнтэй олон удаа
уулзаж ярилцаж байсан. Эргээд хөвсгөлчүүдтэйгээ уулзахад, эргээд та
бүхнийг харахад сайхан байна. Өнөө өглөө Мөсний баярын нээлтэд оролцоод,
тэнд очсон хүмүүстэй уулзаж, мэндчилж, хийсэн зүйлүүдтэй танилцаад
наашаа ирлээ. Замдаа Алаг-Эрдэнэ суманд айлаар ороод ирлээ.
Энэ удаагийн зорилго бол Хөвсгөл аймгийн нэрийн хуудас болж олон жил
хийгдэж байгаа Мөсний баярын үйл ажиллагаанд ач холбогдол өгч, хүмүүсийн
анхаарлыг тэнд татаж, “Энэ бол чухал баяр, зөвхөн хөвсгөлчүүдийн нэрийн
хуудас биш, зөвхөн хөвсгөлчүүдийн баяр биш, энэ бол Монгол Улсын баяр,
Монголын ард түмний баяр, улам олон монголчууд ирж оролцож байх ёстой
баяр” гэсэн мессежийг олон түмэнд хүргэх зорилготой ирсэн. Үүнийг олон
түмэн маань сайхан хүлээж авч байгаад туйлын баяртай байна.
Сая аймгийн Засаг дарга Хөвсгөл аймгийг өнгөрсөн намар Сүхбаатарын
одонгоор шагнасанд талархаж байдгаа хэллээ. Хөвсгөлчүүдийн хийж бүтээж
байгаа зүйл үргэлж миний бахархлыг төрүүлдэг. Хөвсгөлчүүддээ үзүүлж
байгаа төрийн өндөр дээд хүндэтгэл бол Монголын ард түмэн, Монголын
төрийн зүгээс Хөвсгөлийн ард түмэнд үзүүлсэн өндөр хүндэтгэл юм. Шагнах
үйл ажиллагаа болж байхад би Нью-Йорк хотод НҮБ-ын хуралд оролцож
байсан. Тэндээс утасдаж баяр хүргэж байсныг та бүхэн сайн мэдэж байгаа
байх аа.
Хөвсгөлчүүд бол шударга, ажил хэрэгч, эрх чөлөөг дээдэлдэг ард түмэн.
Үүгээрээ Монголд ялгардаг хүмүүс. Улс орны маань хоймор нутгийг эзлэн
суудаг, оршин амьдардаг ийм хүмүүс. Хоймор нутгийнхны маань ажил үйлс нь
сайн, амьдрал нь дэгжиж дээшилж явах юм бол Монгол Улсын амьдрал дэгжиж
дээшилж явна гэж бодож байдаг юм.
Манай иргэд мэдээлэл маш сайтай байдаг. Нэг үеэ бодоход үздэг зүйл,
хардаг, мэдээлэл авдаг суваг их нэмэгджээ. 1990 онд биднийг нийгмийн
өөрчлөлт хийж байхад ганц телевиз, таван сонинтой л байсан. Хажуу
айлынхаа таван номертой утсыг орж, гуйж ярьдаг. Эндээс би Алаг-Эрдэнэ
сум орохдоо замын “пүүлэн” гэж тэр үеийн том машинд дайгдаж, МАЗ-ын
кабинд сууж очиж байсан. Сая малчны гадаа очиход сумаас 20-30 машин ирж
байна. Дээр үед суманд хоёр 69 машин л байдаг байсан. Түүнээс хойш юм их
өөрчлөгдсөн. Тэгэхээр бид ямар нийгэм рүү орсон юм бэ.
Хөвсгөлчүүдтэйгээ, энд байгаа хүмүүстэйгээ ямар нийгэм рүү орсон бэ
гэхээр хүний амьдардаг л нийгэм рүү орсон. Хүний эдэлдэг эрх, хүлээдэг
үүргийг л хүлээх гэж орсон шүү дээ. Хүмүүс нэг буруу зүйл ойлгоод байдаг
юм. Бэлэн зэлэн юм руу орно гэсэн хүлээлт эхнээсээ ч байгаагүй, одоо ч
байхгүй. Амьдралаа өөрөө л авч явах ёстой. Гэрийнхээ амьдралыг өөрсдөө
авч явах ёстой. Хувийнхаа амьдралыг өөрсдөө авч явах ёстой.
Хариуцлагатай байх ёстой Тал талдаа ажлаа сайн хийх ёстой. Ингэж байж л
амьдралаа өөд татах ёстой.
Яах вэ, өөр улс төрийн систем сонгож болно. Бид нар олон янзын юм
сонгож үзсэн. Бүтэлгүй юм бүтдэггүй л юм билээ. Тэр удирдаж байсан
улсууд нь юм уу, асуудал нь өнгөрөөд өгөхөөр тэр нийгэм, систем нь
өөрөө унаад өгдөг. Хүний жаргал, зовлон зэрэг л байдаг. Хүний эрхэнд
жаргахаар өөрийн эрхээр зов гэдэг. Ийм л системийг бид сонгож авч явж
байгаа.
Би боддог юм.Энэ сонгуулийн дараа амьдрал нэг их өөрчлөгдөөд л, өөр
болоод явна гэж байхгүй. Хүн өөрийнхөө амьдралд эзэн болдог замыг л
сонгосон. Өнөөдрийн улс төрийн систем муудаад, унаад нэг их айхавтар
сүйрэл болохгүй байх. Нэг их гялайж гялтайгаад, амжилт гаргаад сүйд
болохгүй байх. Зуун жилийн дараа эргээд харахад ерөнхийдөө л манай ард
иргэд эрх чөлөөтэй, хүмүүс нь өмч хөрөнгөтэй, амьдралаа дээш татахын
төлөө бүгдээрээ зүтгэсэн, ийм л байх байх. Ингэж л ойлгох ёстой юм. Хүн
бүхэнд таалагдаж, хүн бүхний таалалд нийцэх гэж энэ сонголтыг хийсэн юм
биш. Харин таалагдахгүй байх эрхийг нь хадгалах гэж энэ сонголтыг
хийсэн. Энэ нь сүүлийн жилүүдэд манайд жаахан хэтрээд байгаа. Нэг юм
харахаараа дандаа үгүйсгэдэг, дандаа шүүмжилдэг, юмыг дандаа өөлж
хардаг.
Одоо зөв сэтгэлтэй ард түмэн болмоор байгаа юм. Зөв сэтгэлтэй, юмыг зөв
талаас нь хардаг, “Ийм дутагдал гарсан байна. Гэхдээ нөгөө талд нь ийм
сайн тал байгаа шүү дээ. Хөөрхий, ингэж яваад л тэгсэн байлгүй дээ.
Дараа нь засрах байлгүй дээ. Үүнээсээ сургамж авах байлгүй дээ” гэж
юманд ханддаг байх юм бол бидний ажил үйлс урагшилна. Нэг нэгийгээ
дэмжиж, нэг нэгийгээ түшиж, олж бүтэж байгаагаа эвлүүлж авч явах гэж
оролдвол бидний нийгэм аятайхан болно. Бидний нийгэм арай уур
бухимдалгүй, арай илүү бие биеэ ойлгосон нийгэм байх болов уу гэж
боддог. Энэ талаас нь бид хүлээж авах ёстой. 20 жилийн субботник хийгээд
л, “Бидний үед л амьдрал сайхан болно. Бидний үед л бүх юм сайн сайханд
хүрнэ” гэдэг.
Өнөөдөр дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй, хамгийн мундаг ардчилалтай улс
оронд явж байгаа сонгуулийг та бүхэн хараарай. “Эд нар улс орныг сөнөөж
байна. Бид нар ингэнэ” гээд л, яг л манайд сонгууль яаж явдаг вэ, яг
тийм юм яриад л уралдаж байна. Хэдэн жилийн дараа ч тийм л байх болно.
Тэгэхээр бид өнөөдрийн үедээ өмнөө тулгарч байгаа, тулгамдаж байгаа
асуудлыг шийдэхийн төлөө л явах ёстой.
Хүүхэд төрөөд яг аавынхаа давтсан, аав, ээжийнхээ явсан замаар л явдаг.
Хүний амьдрал адилхан шүү дээ. Мөлхөж сураад л явдаг. Төрөнгүүтээ шууд
гүйдэг хүүхэд гэж байхгүй. Мөлхөөд, явж сураад, сургуульд ороод л цаашаа
явдаг. Алдаж оноод л явдаг. Нэг үе нь нөгөө үеэсээ ямар ялгаатай байсан
бэ гээд харахаар бараг 99 хувь нь давтагдсан байдаг. Бараг хүрсэн
ханиад нь хүртэл адилхан байдаг. Ингэж яваад ганц хоёр хувийн дэвшил
гардаг. Өнөөгийн хувьд технологи, дэлхий орчлон их өөр болоод арай илүү
дэвшилд хүрэх боломж байгаа.
Монголчууд бид хэцүү замыг сонгож авсан. Өөрсдийнхөөрөө амьдардаг замыг
сонгож авсан. Үүгээрээ явж байгаа. Энэ ажлыг хийх гэж оролдож байгаа.
Үүнээсээ бид хэзээ ч буцахгүй. Мал хувьд байгааг эргүүлээд хэн ч хурааж
чадахгүй гэж хувьдаа би боддог. Эргүүлээд таны бий болгосон орон сууц,
таны өмчилж, барьж байгаа машиныг, ажиллуулж байгаа мухлаг, дэлгүүрийг
хэн ч хурааж авч чадахгүй.
Хүн хувьдаа дэлгүүртэй, банктай байна гэж 1990 онд намайг энд гарч ирж
ярьсан бол худалч л гэж хэлэх байсан байх. Ингэж явсаар байгаад энэ аж
амьдрал, энэ бүхэн маань дөхөж ирж байна. Ийм байдлаар бид нар юмандаа
хандах, ойлгох ёстой. Бид сайхан байсан юмыг муухай болгосон зүйл
байхгүй. Хөвсгөлчүүд бид өмнө нь нэг их гоё байж байсан. Нийгэм өөрчлөөд
их муухай болгосон юм байхгүй. Сумаасаа сум явахад зам явах авдаг л
байсан. Одоо сумаасаа гадаад явахдаа хүртэл чөлөө зөвшөөрөл авахгүй явж
байна шүү дээ. Хөвсгөлөөс хүн гадагшаа явахдаа надаас чөлөө зөвшөөрөл
авахгүй, Засаг даргаас чөлөө зөвшөөрөл авахгүй байгаа. Өөрсдөө бизнесээ
бий болгоод, өөрсдөө машин худалдаж авахад “Та ямар бараа зарж байна”
гээд би араас нь хөөцөлдөхгүй байгаа. “Монголын радио шиг чи цуурч
байна” гэж хэлээд тэр үед хүн шоронд орж байсан юм гэнэ лээ гэж
яригддаг. Тэгж хэлж, шүүмжиллээ гэж өнөөдөр шоронд орж байгаа хүн
байхгүй. Бий болгох ёстой юмыг нь ерөнхийдөө бий болгоод, явах ёстой
замаараа л явж байгаа. Нэг хүндрэл байна. Бидний явж байгаа энэ замын
үед дэлхий орчлонгийн өөрчлөлт давхцаж байгаа” гэлээ. Уулзалт нийт хоёр
цаг хагас үргэлжлэв.
Иргэдтэй хийсэн уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржйн
Хөвсгөл аймаг дахь томилолт өндөрлөж мөн өдрийн орой нийслэлийг зорив.