Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга УОК-т үндэсний үйлдвэрийн хамгаалалтын хувцас хандивлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үндэсний үйлдвэрлэгч “Exclusive” компанийн үйлдвэрлэж буй “exMed” брэндийн вируснаас хамгаалах тусгай зориулалтын 5,000 ширхэг хувцсыг худалдан авч, Улсын Онцгой комисст хандивлалаа.

Хандивын хамгаалах хувцсыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд өнөөдөр гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ө.Шижир:

“Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлын халдварыг тогтоон барих, тархалтаас сэргийлэх, голомтод ажиллаж буй эмч, мэргэжилтнүүд, албан хаагчдад зайлшгүй хэрэгтэй 5,000 ширхэг хамгаалах хувцсыг хувиасаа хандивлаж байгааг дуулгахад таатай байна. Энэхүү хандив Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яам болон бусад байгууллагуудын үйл ажиллагаанд нэмэр болно гэж итгэж байна. Эдгээр хамгаалах хувцсыг дотоодын үйлдвэрлэгч “Exclusive” компани олон улсын стандартад нийцүүлэн үйлдвэрлэж байна. Тус компани өдөрт 1,200 ширхэг хувцсыг үйлдвэрлэх хүчин чадалтай. Цаашдаа олон улсын зах зээлд гаргах зорилготой бөгөөд тус компанийн бүтээгдэхүүнийг Польш улсын компаниас худалдаж авах санал ирүүлсэн тухай надад танилцуулсан. Нэг талаасаа өнөөгийн эдийн засгийн хямралтай үед баяртай мэдээ гэж ойлгож байгаа.

Монголчууд бид өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан аюулгүйн хувцас үйлдвэрлэх боломж байна гэдгийг харуулж, хичээж ажиллаж байгаа тус компанийханд талархал илэрхийлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс энэ нөхцөлд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид, Улсын Онцгой комиссын нийт албан хаагчид энэ бүхний ард гарч, даван туулна гэдэгт бүрэн итгэлтэй байгаа” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *