Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр Орхон аймагт хүрэлцэн ирлээ. Төрийн тэргүүнийг аймгийн удирдлагууд угтаж, цэргийн хүрээ жагсав.
Үүний дараа Ерөнхийлөгч аймгийн иргэдтэй “Уурхайчин” соёлын ордонд уулзаж, ярилцлаа. Уулзалтыг нээж Төрийн тэргүүн “Орхон аймгийн иргэд та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Нийслэлийн болон орон нутгийн иргэдтэй хийж байгаа уулзалтын талаар та бүхэн мэдээлэлтэй байгаа байх. Иргэд санаа бодлоо янз бүрээр илэрхийлж байгаа. Иргэдээ түлхүү сонсож байгаа учраас эхлээд та бүхний санаа бодлыг сонсож ярилъя” гэлээ.
Уулзалтад Орхон аймгийн болоод “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн удирдлагууд оролцсон юм. Энэ үеэр иргэд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн эзэмшлийн асуудал болон тус үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкт байрлах “Стандарт” банкны барьцаанд тавьсан асуудлаар үйлдвэрийн удирдлагуудаас тодорхой тайлбар хүслээ.
Үүний дагуу “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн захирал Х.Бадамсүрэн “Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Үйлдвэрийн үйл ажиллагааны талаар асууж байна. “Эрдэнэт” үйлдвэр 40 жил ажиллаж байна. Энэ хугацаанд улс орныхоо эдийн засагт, ард иргэдийнхээ амьдрал ахуйд ямар хэмжээний нэмэр болсныг та бүхэн мэдэж байгаа байх. Одоо ашиглаж байгаа үйлдвэрийн техник, тоног төхөөрөмжийн 50-70 хувийг нь солих шаардлагатай болсон. Гэсэн ч үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Би энэ үйлдвэрийн гүйцэтгэх захирал. Энэ утгаараа үйлдвэрийг хэвийн, жигд, үр ашигтай ажиллуулах л үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигчдийн асуудал тусдаа юм шүү. 51 хувь нь төрийнх. 49 хувь нь улсынх. Өнөөдөр үүнээс болоод үйлдвэрийн үйл ажиллагаа доголдсон зүйл байхгүй, хэвийн ажиллаж байгаа гэдгийг дахин хэлмээр байна. 51 болон 49 хувийн асуудлыг хувьцаа эзэмшигчдийн болон Засгийн газрын түвшинд шийдэх байх. Одоо ажиллаж байгаа 6000 гаруй хүнийг 51, 49 гэж хуваах аргагүй” гэлээ.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудлыг олон хүн ярьж байна. Би Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа энэ үйлдвэрийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэнгээс энэ асуудлын талаар тодруулж анхаарч байсан. Хэрвээ хуурамч гарын үсэг зурж зээл авсан бол хуурамч гарын үсэг зурсантай холбоотойгор асуудал шийдэгдэнэ гэж бодож байсан. Харамсалтай нь, сая “Стандарт” банкны талд Арбитрын шүүхийн шийдвэр гарлаа. Тэгэхээр гарын үсэг хуурамч биш юм байна, хуйвалдсан асуудал байна гэдэг нь шүүхээр тогтоогдож байна гэсэн үг боллоо. Анх “Стандарт” банктай “Жаст” групп 2009 оны долдугаар сарын 8-нд, 2010 оны наймдугаар сарын 5-нд гэрээ байгуулж зээл авсан байна. Би холбогдох байгууллагуудаас нь бичгээр тайлбар авч байгаа. Удахгүй энэ талаар Засгийн газар болон бусад байгууллагад хандана. Иргэдийн бодоод байгаа шиг юу, юугүй 51 хувийг нь хураагаад авахгүй байх. Хэлэлцээрээр шийдэгдэх байх.
Мөн би сонгуулийн үеэр Эрдэнэт хотод ирээд, “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж байсан, энэ үйлдвэрийн бүтээн байгуулалтад гар бие оролцож байсан үе, үеийн Эрдэнэтчүүд энэ үйлдвэрийн 10 хувийг авах эрхтэй гэж хэлж байсан. Энэ талаарх саналаа ярьж, хэлж байгаа” гэсэн юм.
Орхон аймгийн иргэд “Эрдэнэт” үйлдвэрээс гадна төрийн албаны халаа, сэлгээ, тэтгэврийн нас, хэмжээ, ажилгүйдэл, гүйцэтгэх засаглал, УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой зэрэг олон асуудлаар өөрсдийн санал бодлоо Төрийн тэргүүнд уламжиллаа.
Тухайлбал, Орхон аймгийн иргэн Машбат
Оффшорыг илрүүлж, оффшорын “уурхайг” ухмаар байна. Хэдэн зуун сая төгрөгийн үнэтэй автомашиныг халааснаасаа мөнгө гаргаад авч чадахгүй шүү дээ. Энэ бол хулгай. Дээрээс нь Ерөнхийлөгчийн эрх хасна гэж яриад байна. Би айл гэрийн тэргүүн, таван хүүхэдтэй. Энэ таван хүүхдийнхээ эрх ашгийг би хамгаалдаг. Тэгвэл миний эрх мэдлийг хураагаад авчихвал би яах юм бэ. Ерөнхийлөгчийн эрхийг хасах, батлан хамгаалахын эрхийг хасах гээд яриад байгааг бид эсэргүүцэж байгаа шүү.
“Эрдэнэт” бие даан амьдрах төв ТББ-ын Ерөнхий зохицуулагч, Орхон аймгийн иргэн Сувдмаа
Эрдэнэт хотод хөгжлийн бэрхшээлтэй хүн нийтийн тээврээр зорчих боломжгүй байгаад юун түрүүнд анхаараарай гэж таниас хүсэж байна. Хоёрдугаарт, УИХ шийдвэртэйгээр бодлого гаргаж чадахгүй байна. Хүүхдийн мөнгө нэмлээ, хаслаа гэсэн. Дараа нь тэтгэврийн нас нэмээд буцаад болиулах жишээтэй. Татвар бас нэмээд л тэр шийдвэрээ буцаагаад хуучнаар нь болгосон. Шийдвэртэй бодлого гаргаж чадахгүй “орон гаран” болчихож. Аймаг орон нутаг ч гэсэн дээр, дооргүй ийм л асуудалтай байна. Тэгэхээр эдгээр асуудалд анхаарч ажиллаасай, энэ үгийг уламжилж өгөөрэй гэж хүсмээр байна.
Орхон аймгийн Бүрэнбүст багийн иргэн Намхайноров
Та жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж, хөдөөгийн хөгжлийг ярьдаг. Орхон аймаг өнгөрсөн жилүүдэд маш олон жижиг, дунд үйлдвэр байгуулагдсан. Гэвч, байгуулагдсан жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж ажиллах талаар төрийн болон орон нутгийн удирдлагууд сайн ажиллах хэрэгтэй байна. Орон нутгийн жижиг, дунд үйлдвэрийг хэрхэн дэмжиж байгаа вэ гэдгээр нь төрийн албаны ажлыг дүгнэж, шахаж ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Сүүлийн үед жижиг, дунд үйлдвэрийг дэмжих бодлого саарч байгаа шүү.
Хоёрдугаарт, Улаанбаатарт ч, Эрдэнэт хотод ч утааны асуудал бий. Саяхан Ерөнхий сайд БНСУ-аас 500 сая ам.доллар олж ирээд байшин барьж, утаа арилгана гэж байна. Утааг байшин барьж арилгахгүй байх гэж бид бодож байгаа. Харин төвлөрлийг сааруулж, дагуул хот байгуулахад ашиглах хэрэгтэй. Мөн их, дээд сургуулийг хотоос гаргах асуудлыг дэмжиж байгаа.
Орхон аймгийн иргэн Мандах
Намаар талцаж байгааг зогсоох, өөрчлөх хэрэгтэй гэж бодож байна. Парламентын засаглал бидний төлөө, улс эх орныхоо төлөө зөв зүйтэй хууль гаргаж байх ёстой. Гэтэл 76 гишүүн бүү хэл, цөөн хэдэн хүн л хууль баталж байна. Үүнийг ямар төр гэх юм. Энэ тогтолцоог өөрчилж, Ерөнхийлөгчийн засаглалтай болох хэрэгтэй. Тэгвэл манай улс өөдөө явна. Намууд бидний толгойг угаагаад сурчихсан байна. Үүнээс бүрэн салах хэрэгтэй.
Орхон аймгийн Уртын гол багийн иргэн, офицер Гансүх
Бид 30 гаруй жил одоогийн засаглалтайгаа явж байна. Одоо байгаа байдлаа харъя л даа. Төрийн бодлогын залгамж, алсын хараа хэрэгтэй байна. Монголд төрт ёсны ийм залгамж байгаагүй. Сонгуулиас сонгуулийн хооронд доромжилж, цөлмөж байдаг төр засагтай болчихлоо. Үүнд таны, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хатуу гар хэрэгтэй. Та Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд үүнийг цааш дамжуулж өгнө үү.
Орхон аймгийн Баянцагаан багийн иргэн Батлүндэн
Иргэн надад гомдол ч байна, баяр ч байна. Одоогийн Засгийн газар шатахууны үнийг нэмээд буулгалаа гэсэн тэр шал худлаа. Өнөөдөр шатахууны үнэ нэмэгдсэн байгаа нь шатахуун түгээхийн самбар дээрээс харагдаж байна. Дизель 300 төгрөгөөр нэмэгдсэн. Монголчуудын бидний идэж уудаг, наашаа цаашаа хөдөлдөг бүх зүйл дизель түлшээр явдаг. Ингэж бие, биеэ хуурч, хулхидаж байх хэрэггүй. Энэ чинь өөрөө бидний өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх эх үүсвэр болж байна. Дизель түлшээр явж байгаа автомашины зөөж ирсэн бүх барааны үнэ нэмэгдэж байгааг цааш нь дамжуулж хэлмээр байна.
Орхон аймгийн Хүрэнбулаг багийн иргэн Хүрэлбаатар
Ард түмэн төр засгаас нэг их мөнгө, эрдэнэс гуйгаад байдаггүй. Тэтгэвэр боломжийн, юмны үнэ тогтвортой, шатахуун хямд байгаасай л гэж хүсдэг. Гэтэл итгээд Ардын намын 65 хүнд санал өгчихсөн баларсан юм боллоо. Одоо яадаг ч арга алга. Бидний санаанд нийцсэн шударга шийдвэр гаргаж чадахгүй байна. 60 тэрбумын асуудал, их хэмжээний мөнгөтэй хөрөнгө орлогын мэдүүлэг зэргийг шалгахгүй юм. Бид хэдэн малынхаа буянд л болж байна. Миний ганц хүсэж байгаа зүйл бол УИХ-ыг тарааж, Ерөнхийлөгчийн засаглалтай болмоор байна.
Орхон аймгийн Урт булаг багийн иргэн Жавзмаа
“Би С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр ял сонссон Содномдаржаагийн ээж байна. Миний хүүг хилс хэргээр шоронд хийсэн. Монголын ард түмэн, ялангуяа Эрдэнэтийн ард түмэн С.Зоригийн хэргийг чих тавин сонсож байна. Би таниас шүүхийн байгууллагыг өөрчлөөд өгөөч гэж хүсмээр байна. Тагнуул, шүүх, прокурор үгсэн хуйвалдаж энэ хэргийг гэмгүй хүнд тохсон. Би энэ асуудлаар 90 удаа эрх баригчдад захиадал бичсэн. Надад хариу ирдэг ч юу ч өөрчлөгдөхгүй байна. Хууль зүйн сайд хүртэл ямар нэг зүйл хийж чадахгүй байна. Та энэ асуудлыг сайн тунгааж үзнэ үү” гэв.
Орхон аймгийн 50 орчим хүн саналаа өөрсдийн биеэр илэрхийлж, мөн бичгээр санал хүсэлтээ өгсөн юм. Төрийн тэргүүн иргэдийг сонсож, асуултад нэг бүрчлэн хариулсан бөгөөд бичгээр ирсэн саналыг боловсруулж нэгтгээд бодлого шийдвэртээ тусгана гэлээ.
Төрийн тэргүүн өнөөдөр Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзана.