Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга Монгол Улсаас Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс /БНӨСУ/ болон Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчидтай өнөөдөр цахим уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Цэргийн алба хаагч Та бүхэн цар тахлын туйлын хэцүү, эрсдэлтэй нөхцөлд үүргээ амжилттай гүйцэтгэж байгаад Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч болон Монголын ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Цэргийн алба хаагчид Та бүхэн Монгол Улсын үндэсний аюулгүй байдал болон олон тулгуурт гадаад бодлогын салшгүй нэг хэсэг юм шүү. Та бүхний үүргээ амжилттай биелүүлж байгаа өдөр бүрээр эх орны чинь аюулгүй байдал баталгаажиж байна” гэлээ.
Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзоригийн илтгэснээр:
- Монгол Улсын Зэвсэгт хүчин 2002 оноос эхлэн Ирак, Афганистан, Гүрж, Косово, Этиоп-Эритэри, Чад, Баруун Сахар, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Судан Улсын Дарфур муж, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс, Судан Улсын Абей муж, БНИемен зэрэг 12 улс орон, бүс нутагт үүрэг гүйцэтгэж байна.
- 2021 оны хоёрдугаар сарын 01-ний байдлаар нийтдээ 19,300 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгээд байна.
- 2006 оноос хойш манай 700 гаруй эмэгтэй офицер, ахлагч НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд штабын офицер, цэргийн ажиглагч болон цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн бөгөөд дэлхийн 126 улсаас эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоороо 17 дугаарт жагсаж байна.