Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотноо есдүгээр сарын 11-нээс 13-ны өдрүүдэд зохиогдох Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтад оролцохоор мордлоо.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины санаачлагаар дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй энэ удаагийн чуулга уулзалтад БНХАУ-ын дарга Си Зиньпин, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён нар оролцох ажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцож, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин болон бусад орны төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийх юм байна.
Энэхүү чуулга уулзалтад оролцох нь Монгол Улсад хөрөнгө оруулах, харилцан ашигтай хамтран ажиллах ихээхэн нөөц бололцоо байгааг ОХУ болон гуравдагч орнуудын төрийн болон хувийн хэвшлийн компаниудын төлөөлөгч нарт таниулах, дэлхий, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн ирээдүйн чиг хандлага, бусад улс орны бодлого, байр суурийн талаар мэдээлэл авах чухал ач холбогдолтой юм.