Төрийн байгуулалтын байнгын хороо 89.5 хувийн ирцтэйгээр УИХ-ын 28 гишүүнээс Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тогтоолын төслийг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдааны эхэнд гишүүд үг хэлсэн юм. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Үндсэн хууль зөрчсөн энэ үйлдлээр санал хураалт явуулах нь буруу. Гэхдээ заавал санал хураана гэж байгаа бол хураахаар яахав” гэсэн бол УИХ-ын гишүүн Р.Бурмаа “МАН-ын огцруулах саналаар би огцруулахгүй. Харин Ардчилсан намын удирдлагуудын нэг болох Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийн Ерөнхий сайдад хариуцлага тооцох ёстой” гэсэн уриалгыг хүндэтгэн Ерөнхий сайдыг огцруулах кнопыг дарна гэсэн юм. Харин Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Засгийн газар хоёр жилийн хугацаанд ажиллалаа. МАН-аас огцруулах асуудлыг 6-7 удаа оруулж ирэхдээ Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хоёр удаа оруулж ирсэн. Эдийн засаг болон бусад асуудлаар огцруулах тухай ярьж болно. Гэтэл Ардын намынхан Засагт ороогүйн төлөө хонзогнож яваа нь буруу. Би Ардчиллын эхэнд гар бие оролцсон. Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцаж явсан хүний хувьд гүн эмгэнэл илэрхийлье. Бид хэлмэгдүүлэлтийн 1937 он руугаа явж байна. Аймаглан устгадаг тэр цаг үе рүү бид очиж болохгүй. Д.Хаянхярваа гишүүн нэр төрд халдсан. Тиймээс Иргэний хэргийн шүүхэд нэр төрөө сэргээлгэхээр гомдол гаргасан. Хаянхярваа гишүүнээ тоглоом тогтой нь дээр шүү” гэсэн юм. Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар санал хураахад Байнгын хорооны хуралд суусан 17 гишүүний 11 нь дэмжсэн юм. Ардчилсан намын дарга Д.Эрдэнэбат Ерөнхий сайдыг хамгаалсан үг хэлж байсан ч санал хураах үед эсрэг санал өгч харагдав. Үүнийгээ тэрбээр “Андуураад буруу кноп дарчихлаа” хэмээн хэлсэн юм. Харин Р.Бурмаа гишүүн хэлсэн ёсоор эсрэг санал өгсөн бол Шударга ёс эвслийн бүлгээс Л.Цог, Г.Уянга нар Ерөнхий сайдыг огцруулах нь зүйтэй гэдэг саналыг дэмжсэн юм. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг эцэслэн хэлэлцэнэ. Чуулганы хуралдаан удахгүй эхлэх гэж байна.
Э.ЭНХ