Хэвтүүл хөдөлгөөнийн үүсгэн байгуулагчдын нэг Л.Алтансүх АТГ-т хандаж, мэдээлэл хийлээ. Тодруулбал, МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Эрүүгийн хуулийн 22.5.2-д заасан хахуул өгөх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн Авлигатай тэмцэх газар шалгуулахаар өргөдөл өгсөн тухайгаа мэдэгдсэн юм.
Тус хөдөлгөөний зүгээс У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болох болон Засгийн газраа хамгаалахын тулд УИХ-ын гишүүдэд ЖДҮХС-аас зээл өгсөн хэмээн хардаж буйгаа илэрхийлжээ. Тухайн гишүүдээрээ дамжуулан ШХАБ-д элсэх үйл ажиллагааг эрчимжүүлж байгаа нь түүний хээл хахуул Монгол Улсыг худалдах хэмжээнд хүрч болзошгүй гэсэн болгоомжлолыг төрүүлж буйг хүсэлтдээ дурдсан байна.
Энэ тухай Хэвтүүл хөдөлгөөнийн үүсгэн байгуулагчдын нэг Л.Алтансүх хэлэхдээ, “Монгол Улсад 155 мянга гаруй аж ахуй нэгж бүртгэлтэй байдгаас 78,815 мянга нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 86 хувь нь буюу 62 мянга нь ЖДҮ-ийн салбарт багтдаг. Энэ салбарт 800 гаруй мянган иргэн ажиллаж байгаа. Үүний цаана хувиараа хөдөлмөр эрхлэгч нар, түүний ар гэр нийлсэн нэг сая гаруй иргэний ЖДҮС-аас зээл авах боломжийг хулгайлсан барим бий.
Өдөр ирэх тусам иргэдийн амьдрал доройтож байна. Худалдан авах чадвар нь буурч байна. Валютын ханш тэнгэрт хадлаа. Тухайлбал, 2016 он хүртэл олон жилийн турш 500 төгрөгний үнэтэй байсан бохь өнөөдөр 900 төгрөг хүрч хоёр дахин нэмэгдсэн байна. Бусад өргөн хэрэглээний барааны үнэ хэрхэн нэмэгдэж байгаа харж байгаа байх. Тэр хэмжээгээрээ цалин тэтгэвэр нэмэгдэж байгаа билүү үгүй билүү.
Иргэд хэдэн хувийн хүүтэй зээл аваад бизнес эрхэлж байгааг та бид харж байгаа. Гэтэл өөрсдөө гурван хувийн хүүтэй зээл авч түүгээрээ мөнгө хүүлж байгаа УИХ, Засгийн газрын гишүүдийг Хэвтүүл хөдөлгөөний залуус тэвчиж чадахгүй байна. Бид олон удаа жагсаал цуглаан хийсэн. Эрх баригчид таг дүлий мэт байсаар байна. Засгийн газрыг тэргүүлж, эрх барьж байгаа У.Хүрэлсүхийн байж болзошгүй үйлдлийг АТГ-т энэхүү бичгээрээ мэдэгдэж байна. Сая гаруй Монгол иргэн хохирчихоод байхад гэр гэртээ дуугүй суугаад байж болох уу. Татвар төлөгчдийн мөнгийг дундаас нь хулгайлсан үйлдлийг тэвчиж сууж чадахгүй” хэмээн ярилаа.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст өгсөн бичигт:
“Хэвтүүл” хөдөлгөөний гишүүн Монгол Улсын иргэн Л.Алтансүх би Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.5.2-д заасан хахуул өгөх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй талаарх гомдлыг дараах үндэслэлээр гаргаж байна. Монгол Улсын үндсэн хуулийн 41.41.1 дэх хэсэгт зааснаар Ерөнхий сайд нь Засгийн газрыг удирдаж хууль биелүүлэх ажлыг Монгол Улсын их хурлын өмнө хариуцах ёстой. Гэвч Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх нь Үндсэн хуульд заасан хууль биелүүлэх ажлаа хийх бус өөрийн удирдсан засгийн газрын харъяа тусгай сангийн мөнгөөр зохион байгуулалттайгаар өөртөө болон Засгийн газарт давуу байдалтайгаар УИХ-ын нэр бүхий гишүүдийг хахуулдаж хууль зөрчсөн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр олонтаа дурдагдаж байгаа нь Эрүүгийн хуулийн 22.5.2-д заасан хахуул өгөх гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй гэж үзэхэд хүргэж байна” гэжээ.