Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайдад дэмжигдсэн Ж.Эрдэнэбатад хандан гишүүд үг хэлж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшин дэмжигдсэн Ж.Эрдэнэбатыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.

Ж.Эрдэнэбат нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн. Эдийн засагч мэргэжилтэй. Сэлэнгэ аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байсан. Түүнийг Ерөнхий сайдаар томилох итгэл хүлээлгэж болно гэдгийг Ерөнхийлөгч танилцуулгадаа онцолсон юм. Дараа нь Төрийн байгуулалтын байнгын хорооноос гарсан санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулж, улмаар гишүүд түүнээс асуулт асууж, хариулт авсан юм. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Л.Болд: Энэ сонгуульд АН бүтээн байгуулалтын, МАН нийгмийн халамжийн мөрийн хөтөлбөртэй орсон. МАН-ын дарга өөрөө Ерөнхий сайд болсонгүй. Та намынхаа мөрийн хөтөлбөрийг биелүүлэх чиглэлээр хэрхэн ажиллах вэ? гэж түүнээс асуусан.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбат “Бодит нөхцөл байдлаа тодорхойлохгүйгээр ажлаа эхэлж болохгүй. Тиймээс эхлээд нөхцөл байдлыг тодруулж төлөвлөгөө гаргана. Манай намын мөрийн хөтөлбөрийг зарим хүмүүс халамжийн гээд байгаа. Гэхдээ тийм биш ээ. Манай мөрийн хөтөлбөр хамгааллын мөрийн хөтөлбөр юм. Нийгэм эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, ард иргэдийн нуруун дээрх ачаа тэнцвэржихээр зарим хамгааллын хөтөлбөрүүд байхгүй болно. Ерөнхий сайд болбол багаа бүрдүүлчихээд ажлын төлөвлөгөөгөө гаргаж танилцуулна” гэх хариултыг өгсөн юм.

Мөн УИХ-ын гишүүн Я.Санжмятав “Ерөнхий сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг дэмжиж байгаа.Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрснийг бодитойгоор мэдэрч, харсан. Тэр үед улстөржилгүйгээр бодитой тоо, эдийн засгийн үзүүлэлтүүдийг хэлж, ярьж байсныг нь харж байсан. Хэдийгээр АН 9 гишүүнтэй ч гэсэн сөрөг хүчнийхээ үгийг хүндэтгэж, ойлголцож ажиллаасай гэж хүч байна. Залуу улстөрчийн хувьд МАН-ын туршлагатай, тулхтай улстөрчийн дэмжлэг хэрэгтэй байх. Маш хариуцлагатай, хүнд үед Ерөнхий сайдаар томилогдож байна. АСЕМ удахгүй болох гэж байна. Үүн дээр МАН, АН гэлтгүй хамтраад ажиллаарай. Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын ажлаа хүлээлгэж өглөө гээд шууд хөндийрөөд явчихгүй байх. Долоодугаар сарын 15, 16 хүртэл хамтраад ажиллаж болох байх аа” хэмээж байлаа.

Одоо гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигчид хандан үг хэлж, чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *