Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Шүүх эмнэлэгт ирсэн 0-15 насны хохирогч хүүхдүүдийг үнэ төлбөргүй үздэг болно

Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байгаа УИХ-ын чуулган үргэлжилж байна. М.Оюунчимэг гишүүн энэ үеэр таван настай хүүхэд хүчирхийлэлд өртөөд Шүүх эмнэлэгт хандахад 10 мянган төгрөг нэхсэн асуудлыг хөндлөө.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүнд хариулахдаа: Эхний ээлжинд гурван сайдын хамтарсан тушаалыг цуцална. Засгийн газар эрт байгуулагдчихвал өнөөдөр эсвэл маргааш Засгийн газрын анхны хуралдаан болно. Энэ үеэр бид энэ асуудлыг шийднэ.

0-15 насны гэмтээд ирж байгаа хүүхдүүдээ бид үнэ төлбөргүй үзээд оношлоод явуулчих хэрэгтэй байгаа юм. Бид судалж үзсэн. Жилд Улаанбаатар хотоос улсын төсөвт эндээс 5 сая төгрөг цугладаг юм билээ. Аймаг орон нутгийг хамруулбал жилд 8 сая төгрөгийн орлого ордог. Бид үр хүүхдээсээ найман сая төгрөг татаад яахав. Нялх нойтон амьтан хүчирхийлэлд өртөөд хохироод уйлж унжаад ирж байхад өмнөөс нь 10 мянган төгрөг нэхээд зогсч үнэхээр болохгүй. Ямар сайн байхав дээ. Бид бүгд үр хүүхэдтэй хүмүүс. Үр хүүхэдтэй хүмүүс алга тэнийлгэх ёстой. Гэмтэж бэртэж, бэлгийн хүчирхийлэлд өртөөд, хохирогч болж ирж байгаа 0-15 насны хүүхдүүдийг үнэ төлбөргүй үзүүлдэг зарчимд шилжүүлнэ. 2017 оны эхний есөн сарын байдлаар нийт 1188 хүүхэд сая дурдсан шалтгаанаар Шүүх эмнэлэгт хандсан юм билээ. Энэ асуудлыг цэгцэлнэ гэв.

Б.ЭГШИГЛЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *