Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ: Эдийн засгийг тогтворжуулах тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ

-Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын чуулганд үг хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна-

Эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист амьдран суугаа ард иргэд ээ,

Эх дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, сурч байгаа монголчууд аа,

Монгол Улсын Ерөнхийлөгч өө,

УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ,

УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулиар, Монголын ард түмэн, Монгол ардын намд итгэл үзүүлэн, засаг төрөө төвхнүүлэх хариуцлагатай үүрэг хүлээлгэлээ. УИХ, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулиар, төр барих бүрэн эрхээ эдэлж, Монгол ардын намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, нэр дэвшигчдийг дэмжсэн, туурга тусгаар Монгол Улсын бүрэн эрхт эзэд, Монгол түмэндээ талархал илэрхийлье. Сонгуулийн үр дүнгээр Монгол ардын нам Засгийн газраа байгуулах ажилдаа орж байна. Миний биеийг төр түшилцүүлэхээр сонгож, Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн Монгол ардын нам, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, итгэл үзүүлэн шийдвэр гаргаж, томилсон та бүхэнд гүнээ талархаж байна.

Улсын Их Хурлын гишүүнээр улираан сонгож, элч төлөөлөгч, дуу хоолойгоо болгосон, ардын хувьсгалын өлгий, амуу тарианы эх, Сэлэнгэ нутгийнхаа зон олны өгөөмөр сайхан сэтгэлд мэхийн ёслоё.

Монгол Улсын иргэдийн их итгэл, эрэлт хэрэгцээ, хүсэлт, хүлээлт дагуулсан, улс оронд хямралт нөхцөл байдал нүүрлэсэн, хүндхэн энэ цаг үед, Ерөнхий сайдын албыг хаших болсноо гүнээ ухамсарлаж байна.

Ерөнхий сайдын албан үүргийг чин шударгаар хэрэгжүүлж, Монгол Улсын иргэн, айл өрх бүрт шууд тусахаар ашиг орлогыг нь нэмэгдүүлэх, Монгол Улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжлийг хямралт байдлаас ангижруулахын төлөө бие сэтгэл, мэдлэг чадвар, хичээл зүтгэлээ бүрэн дайчлан ажиллана гэдгээ илэрхийлье.

Шинээр байгуулагдаж буй Засгийн газрын бүрэн эрхийн хугацаандаа, хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа Монгол ардын намаас УИХ-ын 2016 оны сонгуульд дэвшүүлж, сонгогч олон түмний олонхийн дэмжлэгийг хүлээсэн мөрийн хөтөлбөрт, суурилах болно. УИХ-ын сонгуульд оролцсон бусад улс төрийн нам, эвслийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан тооцоо судалгаатай, бодитой хэрэгжихүйц зорилтуудыг манай Засгийн газар судалж анхааран харгалзах болно.

Шинэ Засгийн газар амаргүй нөхцөлд ажиллах нь тодорхой. Улс орны маань нийгэм эдийн засгийн байдал үнэхээр хүндэрснийг дараах баримтууд харуулж байна.

• Төсвийн сахилга алдагдаж, улс орон маань өрийн дарамтад ороод байна. Энэ бол бодит хүндрэл.

• Бизнесийн орчин бүхэлдээ уналттай, зогсонги байна. Монгол Улсад бүртгэлтэй байсан 126 мянган аж ахуйн нэгжээс 2015 оны эцсийн байдлаар 62 мянга гаруй нь үүд хаалгаа хааж тэр хэрээр ажлын байр хумигдаж, иргэдийн орлого буурлаа. 2012 онд ажил хайсан 2 хүний 1 нь ажилд орж байсан бол, одоо 7 хүний 1 нь чадан ядан ажлын байртай болж байна.

• Эрүүл мэндийн салбарын бодлого алдагдаж, удирдлагын тогтворгүй байдал удаан үргэлжилсний уршгаар эмнэлгүүдийн ачаалал хэтэрч, иргэдийн эрүүл явах, эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ авах боломж туйлын хомс болсон байна.

• Төрөөс малчдын талаар баримтлах бодлого, “Монгол мал” хөтөлбөр бүрэн зогсч, малын гаралтай бүх түүхий эд үнэгүйдсэнээс малчдын орлого буурч, амьдрал ахуйгаа авч явах эх үүсвэргүй болж энэ салбар урьд өмнө байгаагүй хэмжээнд хямарчээ.

• Атрын гуравдугаар аяныг зогсоосны уршгаар улаан буудай экспортолж байсан манай улс импортлогч болсны горыг газар тариалан эрхлэгчид, хүнс, тэжээл үйлдвэрлэгчид амсч байна.

• Монгол төрийн алтан аргамжаа болсон гадаад харилцаанд урд өмнө байгаагүй бодлогын алдаанууд гарч, хөрш орнууд, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл алдарч, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаанд ан цав гарчээ.

Улс оронд маань бий болоод байгаа нийгэм, эдийн засаг, засаглалын хямралыг гэтэлж, ард түмнийхээ аж амьдралыг өөд татан, улс орноо хөгжил дэвшилд хөтөлж ард түмнийхээ итгэл хүслийг биелүүлэхийн төлөө тууштай ажиллана гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Монгол ардын нам УИХ-ын ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө “Мэргэжлийн Засгийн газар байгуулах” зарчмыг тунхагласан. Сонгогч түмэн маань ч үүнийг талархан хүлээн авч дэмжлэг үзүүлсэн.

Ерөнхий сайдаар томилогдсон энэ мөчөөс эхлэн нийгэм, эдийн засаг, засаглалын салбар бүрийн үйл ажиллагааны өргөн мэдлэгтэй, мэргэшсэн, тулхтай төрийн зүтгэлтнүүдээр бүрдсэн мэргэжлийн Засгийн газраа нэн даруй байгуулж, тогтвортой чадварлагаар ажиллуулна.

Манай Засгийн газар, аливаа популист улс төрийн арга заль, үйл ажиллагаанаас ангид байж , дэвшилттэй арга барил, туршлагыг илүүд үзэж, хийж бүтээх, үр дүнг чухалчлах зарчмыг баримтлан ажиллана. Амладаг бус ажилладаг, хэлдэг бус хийдэг Засгийн газар байна. Алгуурлах цаг хугацаа, орон зай бидэнд байхгүй ээ.

Засгийн газрын хөтөлбөрөө нэн даруй боловсруулан УИХ-д өргөн барина. Засгийн газрын мөрийн хөтөлбөр мэргэжлийн, хариуцлагатай, ёс зүйтэй, мерит зарчимд суурилсан төрийн албаар дамжин бодит биеллээ олж, нийгмийн амьдралын бүхий л хүрээнд эерэг үр нөлөөгөө үзүүлдэг жамтай.

Улс орноо хямралт байдлаас гаргахын тулд бид богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулах тусгай хөтөлбөр боловсруулан батлуулж хэрэгжүүлнэ. Нэн хариуцлагатай, өндөр сахилга баттай төсөв, мөнгөний зөв бодлого явуулж, бизнес эрхлэлтийг дэмжин, төсөв дэх өрийн дарамтыг үе шаттайгаар бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлснээр эдийн засгаа бид өөд татаж чадна. Олон улсын болон бүс нутгийн банк, санхүүгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах шаардлага бид бүхний өмнө зүй ёсоор тавигдаж байна.

Бид гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татаж, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг хангана. Эдийн засгийн өсөлтийн томоохон суурь хөшүүрэг нь татвар, санхүү, мөнгөний зөв бодлогоор дамжуулж жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтын хүрээнд ажлын байрыг буй болгож иргэдийнхээ аж амьдралыг тэтгэнэ.

Эдийн засгийн өсөлтийн нааштай үр дүнд тулгуурлан мөнгө, санхүүгийн эхний хуримтлал бий болгож, нийгмийн бодлогын зорилтот хөтөлбөрүүд, нэн ялангуяа нийгмийн халамжийн оновчтой бодлогыг шат дараатайгаар хэрэгжүүлнэ.

Салбар хоорондын уялдаа холбоонд онцгой анхаарч, тогтвортой, жигд хөгжлийн төлөө хамтдаа зүтгэж, хамтдаа хөгжих болно.

Монгол Улсын эдийн засаг санхүүгийн хүчин чадал, иргэн айл өрх бүрийн ашиг орлогыг нэмэгдүүлж хямралт өнөөгийн нөхцөл байдлыг гэтлэн давж, Засгийн газрынхаа хөтөлбөрийн зорилго зорилт, төлөвлөж тунгааж буй ажил арга хэмжээгээ, бодит үр дүнд хүргэхийн тулд, улс орны гадаад дотоод нөхцөл байдал, иргэд олон нийтийн санал, хүсэлт, төрийн үйл хэрэгт нэгэн цаг үед хамтран зүтгэх Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ, Засгийн газрын гишүүд, эрдэмтэд судлаачдынхаа хамтын зөв хандлага, мэргэн оюун ухаанд тулгуурлан ажиллана.

Монгол Улсын Их Хурал, Их Хуралд суудалтай нам, бүлэг, бие даагч болон ард иргэд маань зөвд зөөлөн, бурууд хатуу байж манай Засгийн газрыг дэмжиж ажиллана гэдэгт гүнээ итгэж байна.

Засгийн газраа ёс зүйтэй, ил тод, хүний төлөө зүтгэж, хөгжлийн төлөө сэтгэх зарчмаар ажиллуулахыг зорих болно. “Санаа зөв бол – заяа зөв” гэсэн ардынхаа зүйр үгээр үгээ өндөрлөе.

Хүн ард минь амар амгалан

Хөгжлийн зам саадгүй дардан байх болтугай

Хамтдаа зүтгэж

Хайртай Монгол орноо мандуулъя.

One reply on “Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ: Эдийн засгийг тогтворжуулах тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ”

Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *