Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд 50 тэрбум төгрөгөөр юу юу хийснээ танилцуулав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2013 оны улсын төсвөөс Ерөнхий сайдын багцад хуваарилагдсан 50 тэрбум төгрөгийн зарцуулалт, ажлын гүйцэтгэлийнхээ талаар мэдээлэл хийв.

Замын цагдаагийн торгуулийг тасалбарын системд шилжүүлж нийслэлийн 350  цагдаад гар компьютер,  хэвлэгч машин авснаар цагдаа, жолооч хоорондын маргаан шуурхай шийдэгдэж, мэдээлэл сайжирсан. Энэ ажилд 1.795 сая төгрөг зарцуулсан бол төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй шуурхай болгохоор GPS төхөөрөмжтэй 8 автомашин чингэлгийн хамт авахад, гэр хорооллыг ухаалаг шуудангийн хайрцгаар хангахад 1.929 сая төгрөг зарцуулжээ. Ховд, Баян-Өлгий, Увс аймгуудад битүү зах, худалдааны төв барихад 9.768 сая төгрөг зарцуулснаар 1800 орчим худалдаачид  дулаан тохитой орчинд ажиллаж орон нутгийн иргэд тав тухтай үйлчлүүлэх болсон байна. Харин Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд спорт цогцолбор, дугуйн зам барихад 5.335 сая, Залуучуудын соёлын төвийг сэргээн засварлахад 1.762 сая төгрөг зарцуулжээ. Түүнчлэн жирэмсэн эхчүүд болон ураг, нярайд яаралтай тусламж үзүүлэх, эрүүл мэндийн шуурхай үйлчилгээг нэг цэгээс авдаг болох зорилгоор  Улаанбаатар хотод эх, ураг, нярайн тусламж үйлчилгээний төв байгуулахад 2.220 сая, 11 аймагт  эрүүл мэндийн оношилгооны төв бий болгоход 23.696 сая төгрөгийн төсөвт ажлуудыг тус тус дуусган хүлээлгэж өгчээ.

Нийт 50.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 34 төсөл арга хэмжээнээс 32 төсөл буюу  45.9 сая төгрөгийн гэрээт ажлыг хүлээлгэн өгсөн аж. Төслийн ажлыг Худалдан авах ажиллагааны газар болон дээрх төслүүдэд холбогдох Замын цагдаагийн газар, Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулж Ерөнхий сайдын Эдийн засгийн зөвлөх Д.Батмөнх хариуцан ажилласан юм байна.