Categories
мэдээ цаг-үе

Эрт нэгэн цагт

“Утгын чимэг 2017″богино өгүүллэгийн наадмын дэд байрын шагналыг хүртсэн зохиолч Н.Бадамжавын бүтээлийг хүргэж байна.1990-ээд оны дунд үеэс уран бүтээлээ туурвисан Монголын уран зохиолын үргэлжилсэн үгийн содон төлөөлөгчдийн нэг тэрээр Монголын Зохиолчдын эвлэлийн “Алтан өд” наадмын шагналтай. “Дайсику”, “Амуль” роман, туужаараа уншигчдын танил болж, “Дурлалын золиос” киногоороо “Улаанбаатар” кино наадмын шилдэг кино зохиолч шагнал хүртэж байсан юм.

Тэр гурван өдрийн турш нүгэлгүй харанхуй өтгөн балар тайгыг чиглэн мацаж явна. Өтгөн бавгар сахал нь цан хүүрэгт хөөрөгшсөн, өвдөгцөө шүргэсэн урт гараараа нэг муу жижигхэн модон чарга чирч, сэгсгэр малгай зантгар том духандаа духдуулан, огтогор ангийн дээлээ лавтайяа долоон алд илүү бугуйлаар бүслэж том хар сүх хавчуулсан түүнтэй энэ тайгад хүн байтугай баавгай ч таарсан сүрдэж хар чацга цувуулмаар. Хаа нэгхэн палбигар том гараа бээлийнээсээ шувтлан хөлс нь бөнжигнөх магнайгаа шувтлан зэрлэг араатных шиг өлсгөлөн, гал цогтой жижигхэн нүдээрээ хавь орчныг нэгжин хараад эрхий долоовор хуруугаараа завьжаа инчдэхэд том том цагаан шүд ярайна. Сахал үсэндээ баригдсан ч залуувтар харагдах боловч ширэлдсэн үсэнд нь мөнгөн сор сууж, нүднийх нь доогуур үрчлээ тогтож эхэлснээс харвал тийм ч залуу хүн биш аж.

Энэ тайгад юу байгааг бүгдийг нь би мэднэ гэх шиг хайнга итгэлтэй алхахад дөрөвхөн алхмын зайд саяхан л шаагиж байсан бяцхан хэрэмнүүд бүдүүн хушны нөмөрт биеэ хураан нуугдан, тэртээх цоорхойн хунгарт гэдсээ таттал зоогдсон бугын сүрэг хамаг хүчээрээ цас манаруулан зүтгэлсээр ойн гүн тийш чавхдан сураггүй болно. Харин ойн шаазгай энэ аварга амьтныг дагавал зүсэм улай олох ч юм бил үү гэсэн шиг итгэлтэйгээр энд тэнд нь нисэн бууж анхааралтай ажиглана. Өлмий дороос нь шахуу дэрхийн үргэх хур шувууны сүргийг ч аварга эр үл анзаарна. Модон чаргаа цариг цасан дээгүүр чирч, ул нь зоогдвол зомгол шиг хүдэр цээжиндээ өргөн хэсэгхэн явсанаа аажуухнаар энхрийлэх мэт тавьж цааш сүр пархийсэн алхаагаар нигүүрс, аньсны бут хугачин урагш тэмүүлнэ. Хараачлах байдлаас нь харвал тайгын гүн тийш улам ахихыг хүсч байгаа нь андашгүй.

Задгай цагаан талд бол хэр хүйтэн байгааг андахгүй мэдэж болно. Тайга ялимгүй задгайраад ирэхээр салхины хүч ширүүсч шилний үйрмэг шиг цасны ойлдосуудыг түүний нүүр өөд зүү шиг цацлана.Амьсгаа нь хүйтэн жаварлаг агаарт хөдөлгөөнгүй болж тогтоод уур манан дорхноо царцаж хүдэн болж ард үлдэнэ.Хөлийн дор царцуу цасны талстууд чарлаантайгаар ёолон шажигнаж, шувууд хүйтнээс дайжин бушуухан модод бараадахаар дэвэхээ нь больж зөвхөн сум шиг шунгиналдана. Мань эр ийм тал газар аль болох яарч чарган дээрх ачаа руугаа үе үе хяламхийлгэн гүйх шахам алхаагаа түргэсгэнэ.

Модны захад ирүүтээ түр зогсознож чарганыхаа татлага сурыг засч ачаа барааныхаа бүрэн бүтэнг нягтлангаа модны хожуул дээр суугаад хавь орчныг сонжино. Өврөөсөө арьсан хүүдийтэй тамхиа гарган том хар гаансныхаа толгойг дүүртэл чихэж аваад асааж таатай нь аргагүй шившин удтал сууна. Цогшсон ширүүн нүд нь аажмаар уясах авч нүцгэн цөл мэт хөдөлгөөнгүй харцанд нь уурлаж баясах, бодлогшрох аль ч сэтгэлийн илрэл үл илрэнэ.

Гэвч түүнд бодох зүйл их бий. Зам гудасын зуурт хуучир төмөр зам түүнтэй хаяа хатгах хүн амьтан хөлхөж болох бяцхан зам бий. Голоор тусгаарлагдсан энэ зурвас зай түүнд түгшүүр төрүүлнэ.Түүнээс тэд эмээх атал тэр тэднээс эмээнэ. Хэн нэгэнтэй таарвал эхний учралаараа л зүйл дуусгачих аюулын өөдөөс үзүүлэх эцсийн хариу үйлдэлд өөрийгөө бэлтгэнэ. Уг нь тэр тайгын зах дахь энгийн л энгийн жижигхэн сууринд төрж өссөн. Цөөхөн ч гэсэн хүмүүсийн дунд хүмүүстэй эв найртай, бүүр тэдний хайр хүндлэлийн хүү байлаа. Хүний л адил аавтай, ээжтэй ах дүү төрөл садантай. Эцэг нь агнасан булга, хэрэм суусар, чоно, баавгайнхаа арьсыг доншуур наймаачинд өгчихөөд элбэг хангалуун, баяр баясгалантай аж төрж байлаа.Дараа нь хүмүүс иржээ.Суурингийн хэдхэн өрх айлаас хэдэн арав дахин хүмүүс. Аажим боловч амьдрал өөрчлөгдөв.Төрөл төрөгсөд нь уван цуван уулсын цаадах хот хүрээ газар руу нүүцгээв.Эхэндээ хэл чимээтэй байсан ч сүүлдээ сураг чимээ ч үгүй болов.Дараа нь аав нь хаашаа ч юм яваад алга болчихов.Сууринд доншуур наймаачдын бүхэл бүтэн баг ирсэн өвлийг л тэр санадаг юм.Аав нь тэдэнд агнасан ангийнхаа арьс үсийг худалдаж тэр оройноос эхлэн зад архидсан юм.Хэд хоног ч архидсан юм бүү мэд нэг л өглөө сэрэхэд доншуур наймаачид ч, аав нь ч арилаад өгч билээ.Ижий нь тэр өдрөөс хойш нэг ч удаа гал түлсэнгүй.Халуун дулаахан байдаг гэр орон нь хүйтэн хоосон бүтэл зэхий.Эх нь өдөржин уул хадаар тэнэж орой нь эсвэл маргааш, нөгөөдөр нь ирээд орон дээрээ буруу харж эвхрээд шөнөжингөө уйлдаг байж билээ.Бяцхан хүү ээж түүнийг санасандаа биш яагаад аав түүнийг санаад хүрээд ирэхгүй байгааг гайхаж хэвтдэг байснаа л санадаг юм. Ижий нь нэг л өглөө босоод түүнд, -Хоёулаа тайгын гүн рүү нүүе. Аав чинь ирэхээсээ өнгөрчээ.Хоёулаа амьдарна аа.Отог омгийнхон маань ч эргэж тойрч байх биз гэж хэлэн ачаалаад нүүж билээ.Ижий нь өвдснийг эдгээгч, муу бүхнийг зайлуулагч, сайныг авчрагч хэмээн хавь ойрынхон сүсэглэх тул тэр хоёрыг хаана ч байсан хүрээд л ирнэ. Жилийн хэчнээн нүүх ч тэд олоод л ирнэ. Жаалхүү ч өсч томроод анчин болов.Ангийн мөр хөөж яваагүй газар, хүрээгүй уул гэж бараг үгүй. Харин хүн зоноос баахан дөлөмтгий. Хэдэн жилийн өмнө насан өндөр ижий нь тэнгэрийн орноо заларч хөдөөлүүлснээс хойш түүнд өөрийн гэх гэр орон нь энэ л ой тайга, уул ус болжээ.Ижийнхээ хөдөөлүүлсэн газар тэр жилдээ нэг удаа заавал ч үгүй ирнэ.Сүүлийн удаа ирэхэд хажууханд томоо суурин байгуулагдсан байсан юм.

Аянчны шургуу алхаа саатав.Эргэн тойрон мөнх ногоон хушин, хус холилдсон ой, нүцгэн бут, жаварт алгадуулахдаа тас нясхийх голын хэсэгхэн зурваснаас өөр юм үл үзэгдэгдэнэ. Зүүн талд нь хуучин төмөр замын дэр мод үзэгдэхтэй үгүйтэй харагдана.Харин баруун талд саяхан хэд хэдэн чаргатай морь давхин өнгөрсөн мөр зурайх зам. Голоор чарга чирэн явах нь амар боловч хүний нүдэнд шууд тусахыг сайн мэднэ .Чаргатай морьд өнгөрсөн зам сэжиг төрүүлэх тул шууд л балархай төмөр зам даган хагас өдөрч яваад зам салсан нь хамаагүй дээр.Удаан бодсонгүй. Ер нь тэр удаан бодох дургүй. Бодоод байх ч юм ховор болохоор тэр.Нэгэн үе ил гарч нөгөө үе далдлагдах төмөр замын дэр мод дагасан энэ аялал тайгын замаас хэд дахин зүдэргээтэй.Хажууханд хүмүүсийн явдаг зам бий болохоор сэрэмжлэх нь тав тухтай, сэтгэлд дотно тайгын аян замаас долоон дор.Азаар хүн ч таарсангүй, богино боловч зүдэргээт зам эвхэгдлээ.

Одоо бол түүний таньдаг харгуй. Нэг л нөмөртөө авчихвал хүн үл нэвтрэм шугуй өмнө нь байна. Сэтгэл санаа сая амрав. Залгуулаад хушин ой. Аварга том үндсээрээ газарт тэвэрч мөнх ногоон гальдаа битүү цас дааж ядан хүглийлдэх амар амгалангийн туйл болсон анир чимээгүйн их далай. Хаа нэгхэн мөчир дамжин сүлжилдэх хэрэмнүүд баахан цас унаган жирийлдэж, хур сойр чав чавхийтэл орилолдох авч түүнд энэ бүх чимээ дотно басхүү дэндүү сайн мэдэх чимээ. Хүнтэй адилхан дуу чимээ гаргадаг амьтан үгүй. Харин хүнийг бол тэр сайн мэднэ. Тэд хэзээ ч чихэнд танил эгшиг, чимээ гаргадаггүй болохоор биеэ хураан аймсахад хүргэнэ.

Шөнийн үй түмэн ододыг халхалсан хөгшин аварга хушны нөмөрт аянчин шөнийг өнгөрүүлэв. Хуурай унанги ноцоосон түүдэгийн гэрэлд гаанч тамхиа угзран юуг ч юм бодолхийлэн суусаар үүр цайлгав. Үүрээр өндөр хясааны өврөөр тойрч хүслэнт товцог дээрээ хүрлээ. Бэлээс нь тэвэрсээр ирсэн чаргаа хажуухандаа тавилж зэрэгцээ хоёр хушны байрлалыг удтал шинжин тойрч явсаар сая сэтгэл ханав бололтой бүсэн дэх сүхнийхээ ирийг хурууныхаа өндгөөр шалгаад эргээд уруудлаа.Төдөлгүй дөрвөн урт шургааг тэвэрсээр ирэв. Сонгосон хоёр хушаа өөрийнхөө өндөрөөр хэмжээлэн мөнөөх шургаагнуудаар тоонолжлон сураар холбож бяцхан тавцан хийлээ.Ингээд гурван өдрийн турш үүрэхдээ үүрч, чирэхдээ чирч, тэврэхдээ тэвэрч ирсэн чарганыхаа татлагыг тайллаа. Ачааны дээрээс хэц хэнгэрэг, удганы өмсгөл зүүсгэл тэргүүтэнг гарган тавцан дээр эвтэйхэн байрлуулаад дотроос нь энэ хорвоо дээрх хамгийн нандин эрдэнэ болсон ижийнхээ хатаж занданшсан шарилыг гаргаж ирээд тавцангийн голд хүндэтгэлтэй тавилаа.Өмсгөлөөр нь биеийг нь хучиж, тэргүүнд нь тасын жирэвлэгт малгайг нь өмсгөн зүүн гарт нь хэнгэрэгийг, баруун гарт дохиурыг нь бариулав. Эхийнхээ биеийг оршоосон газрыг гурвантаа тойрон мөргөн сүсэглээд, -Ижий минь таныгаа би байх ёстой газарт тань авчирлаа гэж хэлэв.

Энэ үесд уулын бэлээс хоёр морьтон ирж явснаа гэнэтхэн зогтусан мориноосоо харайлдан бууцгааж юу юугүй буугаа барилан модны араар нуугдав. Тэр дөнгөж өндийх гэтэл буун дуу тасхийж ар нуруу руу нь зөөлхөн нудрах шиг болоод тэнгэр харанхуйлж хөсөр уналаа.Юу болоод байгааг ойлгох сөхөө ч байсангүй. Босьё гэвч босч чадсангүй. Төдөлгүй цас чийхрах танил бус чимээ гарсаар хоёр хүн дэргэд нь ирж ярилцах нь бүдэг бадаг сонсов.Тэр хоёр дэргэд нь ирээд,

-Өө новш гэж тэнүүлчин буудчихаж -Тэгээд тоогоо яах вэ -Азгүй амьтан юм даа. Дөрвийг алдсан дөрвийг цааш нь харууллаа. Чи гэрч нь шүү. Данс хараа нэг ч будлиангүй. Сайхан мэдээрэй чи гэж шүднийхээ завсраар сийгүүлэн ярилцах нь бүдэг бадаг сонсогдоход харанхуйлав.Ижий нь зөөлхөн амьсгалаараа духыг нь үнэрлэн, -Миний хүү босьё доо.Одоо дахиад хоёулаа боллоо гэхэд сэхээрээд харвал ижий нь тэр өглөө босоод, -Хоёулаа тайгын гүн рүү нүүе. Аав чинь ирэхээсээ өнгөрчээ. Хоёулаа амьдарна аа гэж хэлэхдээ өмсч байсан сайхан цэнхэр уужаа өмсчихсөн сууж байлаа.

Уулын бэл рүү уруудах хожид үзэгдээгүй хувцастай хоёрын нэг нь эргэн харахдаа гялалзуулсан малгайн дээрх таван хошуу гялалзахыг үзэхээргүй өндөр үүлэн дунд эх хүү хоёр биесээ хайрлалцан сууж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *