Categories
мэдээ улс-төр

Эрсдэл үүссэн үед төрийн ордныхныг шилжүүлэх бэлтгэлийг хангажээ

Монголын хүн амын 80 хувь нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд амьдарч байгаа гэсэн судалгаа байдаг. Улаанбаатар гэлтгүй улс даяараа газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлд байна. Өөрөөр хэлбэл, нийт барилгын 25 орчим хувь найман баллын бүсэд, 30 хувь нь долоон баллын бүсэд, 5-6 баллын бүсэд 15 хувь нь байрладаг судалгаа бий. Түүнчлэн 1970 оноос өмнөх барилгатай “тооцоо” хийх боломжгүй гэдэг. Гэтэл 2011-2015 онд хотод нийтийн зориу­лалт­тай 524 барилгад газар хөдлөлд тэсвэрлэх чад­варын үнэлгээ хийхэд 278 нь нурахад бэлэн гэсэн дүгнэлт гарчээ. Энэхүү 278 дээр 1970 оноос өмнөх барилгууд нэмэгдэнэ.

Харин лхагва гаригт Аюулгүй байдлын байн­гын хорооны хурал­даанд ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Төрийн ордны барилгын аюул­гүй байдлын талаар мэдээ­лэл хийв. УИХ-ын тогтоол, Ерөнхий сайдын захирамжийн хүрээнд өнгөрсөн онд барилгын чанарыг шалгаж дүгнэлт зөвлөмж гаргажээ.

Юуны өмнө 1951, 1961 онд баригдсан, газар хөд­лөл­төд тэсвэргүй 14 блок барилгыг буул­гаж шинээр барих асууд­лыг шийдвэрлэх шаард­лага­тай гэж үзэж байгаа аж. Үүний тулд нэн яарал­тай­гаар 38.8 тэрбум төгрөг батлах хэрэгцээ гарс­ныг гишүүдэд танил­цуулав. Мөн эрсдэл үүс­сэн үед Төрийн ордных­ныг шилжүүлж байр­луулах бэлтгэлийг ч хан­гасан байна. Томилогдсон ажлын хэсэг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөв­лөл, УИХ, түүний Там­гын газар, Засгийн газрыг түр байрлуулах болом­жит байрыг сонгожээ. Тодруулбал, УИХ-ыг Засгийн газрын XI байранд, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албыг Их тэнгэр дэх XXIV байранд, харин Засгийн газрыг Засгийн газрын XIII байранд түр хугацаанд байрлуулах боломжтой гэсэн хувил­барыг сонгосон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *