Эрлийз адууг ад үзсэн яриа байнга дуулддаг. Ялангуяа улсын баяр наадмын үеэр эрлийз адуугүй л бол монголчуудын бүх зүйл болоод явчих мэтээр сенсаацалж, хэдэн зуугаар нь уралдаанаас хасдаг боллоо. Ийм шийдвэр гаргагсад ардын баатар мэт мандана. Эрлийз адуу бээрэг, монгол адууг устгах нь, эрлийзүүдээс өвчин гарч тараадаг гэх муу үгтэй. Яг үнэндээ эрлийзүүд ч биш монгол адууг ч гэсэн арчилж тордохгүй бол өвддөг биз дээ.
Эрлийз адууг уралдуудах, уралдуулахгүйн тухайд гардаг дээрх хэл ам хэдэн дарга нарын бие биенээ чадах гэсэн атгаг санаанаас үүдэлтэй. Өөрөө эрлийз морь уяагүй бол эрлийзтэй хэдийгээ чадах гэж уралдуулахгүй гэсэн шийдвэр гаргадаг. Өөрөө эрлийз морь уяж, тэр нь хурдан байгаа бол нэг их хэл ам хийлгүй эрлийз морийг уралдуулдаг. Өнгөрсөн наадмаар эрлийз хэмээн хичнээн олон морийг уралдаанаас хассантай зэргэцээд энэ шийдвэр УИХ-ын даргын хүү эрлийз морь уяагүйтэй холбоотой гэсэн явган яриа нисч байсан билээ.
Ингэхэд яагаад эрлийз адууг ингэтлээ ад үзээд байдаг билээ. Монголын арай хөрөнгөтэй бэлтэй, гадаад дотоодод арилжаа наймаа хийдэг дөнгүүр хэдэн хүн л гаднаас өндөр өртөгтэй азарга, гүү оруулж ирж эрлийз адууны эхлэлийг тавьсан нь үнэн юм. Тэд хөрөнгө мөнгөө үрэн үрэн адуугаа муужруулах гэж ийм ажил эхлүүлээгүй нь ойлгомжтой.
Мэргэжилтнүүдээс энэ талаар асууж лавлахад “Малын чанар, ашиг шимийг нь сайжруулахын тулд цэвэр үүлдрийн үржүүлэг, удам дагуулан үржүүлэх, эрлийзжүүлэг, эвцэлдүүлэг гэсэн дөрвөн аргыг хэрэглэдэг. Нэг үүлдэрт багтаж байгаа мал, амьтдыг шилж өөр дотор нь тохируулан сонгож нийлүүлэх системийг цэвэр үүлдрийн үржүүлгийн арга гэнэ. Удам гэдэг нь үржлийн чанар, ашиг шимээрээ шалгарсан удам үүсгэгч тодорхой хээлтэгч, хээлтүүлэгчээс үүсч гарсан үүлдрийн өвөрмөц чанарыг өөртөө агуулсан хэсэг бүлэг малыг хэлнэ. Өөр өөр үүлдэрт хамаарагдах хээлтүүлэгч, хээлтэгч хоёрыг хооронд нь нийлүүлэхийг эрлийзжүүлэг гэнэ. Эрлийзжүүлгийн аргын зорилго нь нэг үүлдрийн удамшлын ялгаат байдлыг нэмэгдүүлэн шинж тэмдэг, шинж чанарын хувьслыг дээшлүүлэх, шилэн сонголтыг үр дүнтэй болгох, эрлийзийн давуу чанар үүсэх үзэгдлийг ашиглах, шинэ үүлдэр, хэвшил гаргах материалыг өргөжүүлж өгдөг” гэсэн албан тайлбар өглөө. Тэгэхээр эрлийз адуу гэдэг бол монгол адууг сайжруулах оролдлогын эхлэл нь гэсэн үг. Гэхдээ манай уяачид хурдан морь гаргах гэж энэ төрлийн азарга, гүүг гаднаас авчирч байгаа бөгөөд одоог хүртэл хоёр мянга шахам үржлийн адуу оруулж ирсэн гэсэн мэдээлэл байна. Үүнд дэлхийд хурдаараа нэгдүгээрт ордог цэвэр англи азарга, гүү тус бүр арав гаруй байдаг бол бусад нь араб, будённый, тракен, дон, орловын хатирч, англи-араб, англи-будённый, англи-крачеев, англи-тракен, англи-терский зэрэг үүлдрийнх гэнэ. Зарим нь бүр англи азарга монгол гүү-араб азарга монгол гүүний дундаас гарсан үр төлийг эрлийзжүүлэн үр төлийг нь өсгөж байна. Ер нь эрлийз азарга бэлчээрт дажгүй сайн дасан зохицож, бүр салхи шуурганд сүргээ уруудуулалгүй жалганд хорьж тогтоодог гээд эзэд нь магтдаг.
Энэ мэт гаднаас өндөр зэрэглэлийн азарга, гүү оруулж ирэн монгол адуутай эрлийзжүүлж байгаа нь монгол адууны чанарыг сайжруулах, хурдан удмын адууг бий болгох гэсэн оролдлого болохоос монгол адууг алга болгох, генийг устгах гэсэн бодого биш юм. Одоо энэ ажлыг сайн дур буюу хоббигоороо хэдэн уяач бизнесмэнүүд хийж байгаа. Харин ч үүнийг дэмжээд бодлого болгон Монголд сонгомол морин уралдааныг хөгжүүлэх хэрэгтэй юм. Цаг үеэ дагаад монголчууд адуугаа ачлага тээвэрт хэрэглэхээ больсон. Морин тэрэг гэдэг зүйл одоо харагдахаа ч больсон. Бүр унаж эдлэх нь багасч байгаа энэ үед монгол адууг бодлогоор хурдны болон махны гэсэн хоёр чиглэлээр өсгөж үржүүлмээр санагддаг юм. Энэ чиглэлийн эрдэмтэн мэргэд судалгаа хийж, үгээ хэлж, ямар чиглэлээр өсгөж үржүүлвэл зохистой гэдгийг тайлбарлан таниулах ажил эхлэх цаг болжээ. Мэдээж монгол адууны тэсвэр тэвчээр, дасан зохицох чанарыг хадгалж үлдэх нь мөн л судалгааны ажлын нэг хэсэг байх учиртай. Бэлчээрээр байдаг адууг байгаль өөрөө жижигрүүлдэг. Нэг азарганы нэг жилд гарсан хоёр төлийн нэгийг нь тэжээж, нөгөөг нь бэлчээрт нь байлгаж байгаад гурван жилийн дараа зэргэцүүлж зогсооход хамаагүй том жижгийн ялгаа харагддаг хэмээн уяачид ярьдаг. Байгаль хүртэл ингэж зохицуулж байхад бид адуун сүргээ сайжруулах талаар санал санаачилга гаргаж байгаа хэдийгээ эрлийз эрлийз бишээр нь дуудаж, ад үзэж байна.
Монголчууд бидний нийтлэг нэг төрх, араншин эрлийз болон эрлийз бус адууны маргаан дээрээс тод харагддаг юм. Бүх зүйлийг сэтгэлийн хөөрөл, нэг нэгнээсээ өшөө авах маягаар шийддэг. Эрлийз адуу Монголд хэрэгтэй юу, үгүй юу. Монгол адуу устах дээрээ тулсан уу. Монгол адууны цусыг сэлбэж, үүлдэр угсааг сайжруулахад юуг анхаарах ёстой гэдгийг эрдэмтдээр нь судлуулж, мэргэжлийн дүгнэлт гаргуулахад ядах юм байхгүй. Харин үүний оронд нэг дарга сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргаж, дуулиан шуугиан тарьж, түүнээсээ таашаал авч суудаг. Монголын хөгжил дэвшилтэй холбоотой бүхий л ажил ингэж шийдэгддэг. Урт хугацааны ултай суурьтай судалгаан дээр үндэслэсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлэхээсээ урьтаж тухайн цаг үед хэн нэгэн даргад таалагдсан байдал, сэтгэлийн хөөрлөөр асуудлыг шийддэг болоод удаж байна. Судалгаа, эрдэмтдийн үг, тэдний санал санаачилга, салбарын зүтгэлтнүүдийн хэлж ярьж байгаа зүйлийг анхаарч, бодлогоо боловсруулахгүй бол мөрөөдлийн гэмээр тушаал шийдвэр, үүрэг даалгаврууд ар араасаа цуварч, Монголыг маань туйлдуулж дуусах нь.
Г.ГЭНДЭНДАРАМ