“За” гэдэг үгийн цаана маш их зүйл багтдаг. Энэ үгийг хэлэхэд нэрэлхэх, зөвшөөрөх, хурдан салахын түүс болох, хоромхон мартахын эхлэл гэх мэт олон янзаар бодлоготой, бодлогогүй амнаас гардаг. Энэ мэтээр энэ үг алба, амины олон ажлыг амжуулна ч, бас алдуулна ч. Эцсийн эцэст энэ үгийн цаана хүний мөс харагдаж байдгийг бодууштай юм шүү.” Энэ үгийг Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн зохиолч, найруулагч Ламзавын Ванган нэгэнтээ хэлжээ. Тэгвэл Ламзавын Ванган агсны намтар уран бүтээлийн “Хүний мөр” хэмээх ном хэвлэгдэн гарлаа.
Энэхүү номыг СУИС-ийн Театр урлагийн сургуулийн Урлаг судлал, Утга зохиолын тэнхимээс эрхлэн гаргажээ. “Хүний мөр” ном нь гурван бүлэгтэй бөгөөд эхний “Суу билигтний замнал” бүлгийг тус тэнхимийн багш Я.Баяраа, “Жүжиг, киноны хүчирхэг зохиолч” хэмээх хоёдугаар бүлгийг мөнхүү тэнхимийн залуу багш Х.Чойдогжамц, гуравдугаар бүлэг “Найруулагч Ламзавын Ванган”-ыг мөнхүү сургуулийн багш Л.Дэмидбаатар нар тус тус гардан бичиглэжээ.
Энэ эрхэм хүний уран бүтээл, авьяас билгийн тухай сонины бяцхан зайд өгүүлэх аргагүй тул зөвхөн нэгдүгээр бүлгийн намтар хэсгээс нь цухас өгүүлье. Аливаа зүйлийг эхээс нь хөөн эхлэх учиртай билээ.
Л. Ванган 1920 онд Засагт хан аймгийн Цэцэн Сартуул хошуу, одоогийн Завхан аймгийн Түдэвтэй сумын нутагт Долгоржавын Ламзавын ууган хүү болон мэндэлжээ. Ванган гэдэг түвд нэр нь “Эрхэм Итгэл” гэсэн утгатай аж. Түүний эцэг Д.Ламзав нь залуу багш Я.Баяраагийн судалснаар хошууны түшмэл төдийгүй нийгэм, улс төрийн идэвхтэй, улс орны хэтийн хувь заяанд ихээхэн санаа сэтгэл зовнидог сэхээтэн байсан аж. Нийгэм, улс орны сайн сайхны төлөөх олон олон үйл ажиллагаанд идэвхийлэн оролцсон бөгөөд 1924 онд анхны Үндсэн хуулийг батлалцсан нэгэн. Энэ мэт үүх түүх, угсаа гарвалыг нь судлан үзвэл Л.Ванган нь яахын аргагүй “Нэртэй хүний зүстэй хүү” юм. Гэвч энэ бүхэн нь ороо бусгаа цагийн жишүүн салхинд жиндэх, зовох шалтаг шалтгаан болсон гэлтэй. 1934 онд түүний ээж н.Намжим хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн нь Л.Ванган гэгч нэгэн сод хүмүүн бага залуу насандаа өөд нарын бараа харахгүй зовж зүдэхийн эхлэл болжээ. Учир нь Д.Ламзав 1937 онд их хэлмэгдүүлэлтийн “Анхны 14”-ийн нэг болж, цаазлуулахын даваан дээр асран халамжлах хүнгүй гурван өнчин хүүхэдтэй гэсэн шалтгаанаар 10 жилийн хорих ял сонсчээ. Энэ дүйвээнээр Улаан-Үдэд суралцаж байсан Л.Ванган эсэргүүний хүү гэгдэн сургуулиасаа хөөгдсөн байх юм. Гэртээ буцан ирэхэд нь ханхай гэр, өргөмөл ганц охин дүү нь тормойж угтжээ. Ингээд бүх зүйл Л.Ванганы нуруун дээр буусан байна. Энэ үеийн хатуу бэрх амьдралтай, басхүү зориг тэмүүллээр дүүрэн цэл залуухан Ванганыг номын “Ангиаг эзгүй байхад” хэмээх хэсгээс мэдэж болно.
“Эсэргүүний хүүхэд”-ээс амьдралын гараагаа эхэлсэн ч Монгол Улсын циркийн урлагт төрсөн дүү Л.Нацагийнхаа хамт тод мөрөө үлдээжээ. Мөн чамгүй зураач байсныг нь ч түүх сурвалжууд гэрчлэх аж. Түүний амьдралд тохиолдсон онцгой содон үйл явдлуудын нэг нь А.В.Луначарскийн сургуульд явсан үе. Бага балчир үеэсээ буюу 1934 онд үлгэр жишээ дунд сургуульд мөр зэрэгцэн суралцаж явсан багын найз С.Гэндэнтэйгээ 1946 оны намар нь А.В.Луначарскийн сургуулийн үүдний зааланд таарна гэж хэн санах билээ. Хожмоо Монголын театрын анхны мэргэжлийн найруулагчид болон эргэж ирсэн С.Гэндэн, Л.Ванган нар бол жинхэнэ хувь заяагаар холбогдон нөхөрлөсөн хоёр гэлтэй. Л.Ванган хүнийг таньж, нөхөрлөж, ханилж, хайрлаж чаддаг нэгэн байсан гэдэг. Түүний гэргий Т.Пялзай “Аавынхаа нэрийг дуудуулж муу авав гэж хүүхдүүддээ байнга захиж хэлдэг байлаа” гэсэн нь аргагүй л “том” хүний ухаант ханийн үг буюу.
Монголын театрын урлаг, кино урлаг, утга зохиолд ч өөрийн тод мөрөө үлдээсэн энэ эрхэм 49-хөн насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн нь харамсалтай. Гэвч тэрээр үр хүүхэд, шавь нар, өөрийн өвөөрөө асар ихийг бидэнд үлдээжээ.
Г.ЛХАГВАДОРЖ