Замын-Үүдийн боомтоор өдөртөө 5000 хүн орж, гардаг. Гэхдээ эдгээрийн олонх нь Замын-Үүдээс Эрээнийг чиглэсэн урсгал байдаг бөгөөд багахан хэсэг нь Замын-Үүдийг чиглэсэн байдаг аж. Манай улс аялал жуулчлалын салбараа хөгжүүлж, жуулчдын тоог өсгөхөд Замын-Үүд, Эрээний хамтын ажиллагаа голлох үүргийг гүйцэтгэнэ хэмээн үзэж байгаа.
Энэ талаар Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг “Гол нь Эрээнийг зорих жуулчдыг 2-3 хоногийн аяллын маршрутаа ашиглан Сайншанд, Хамарын хийд, Энергийн төв рүү аялуулах бодлогыг баримтлах нь чухал гэж үзэж байна. Энэ ч үүднээс Дорноговиор аялах гурван хоногийн виз гаргах, аяллын маршрутыг нэмж зохиох зэрэг ажлыг түлхүү хийж байгаа” гэлээ. Харин тус аймгийн Засаг даргын Тамгын газрын ОНХХ-ийн дарга С.Сайнзаяа “Ер нь манай улсад ирэх жуулчдын эхний тавд БНХАУ-ын иргэд эзэлдэг гэх судалгаа гарсан. БНХАУ-ын хувьд ч энэ жил 57 сая жуулчин хүлээж авна гэж тооцоолоод байгаа. Мөн Эрээн хотод л гэхэд жилдээ нэг сая дотоодын жуулчин ирдэг байна. Тэрхүү жуулчны урсгалыг Монгол руу татсанаар хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхээс гадна орон нутгаа сурталчлах, хөгжүүлэх боломж нээгдэх юм. Тиймээс БНХАУ-ыг зорих жуулчдын урсгал их байдагтай зэрэгцэн тус улсаар дамжин манайхыг зорих жуулчдын урсгалыг нэмэх бодлогыг ч АЖГ-аас барьж байгаа” гэв.