Валютын ханш өсөх тусам өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ
нэмэгдэж буй. Бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа энэ үед гол
түүхий эд болох цементийн үнэ ч дагаад өслөө.
Валютын ханш өдрөөр биш цагаар өсөж байна. Импортын цементийн үнийн
75 хувийг валютаар төлдөг. Тиймээс валютын ханшаас шууд хамааралтай.
Ялангуяа, наадмын өдрүүдэд тонн цементийн үнэ 200.000 төгрөгт дөхсөн
нь энэ жилийн дээд рекорд байв. Барилгын материалын захуудад зарж буй
цементийн жижиглэнгийн үнэ 10.000-13.000 төгрөг болсон. Баярын өмнөхөн
7500-9000 төгрөг байснаа гэнэт ингэж нэмэгдсэнийг худалдаа эрхлэгчид
бүтээн байгуулалтын улирал эхэлж, эрэлт нэмэгдсэн болон валютын ханшийн
өсөлттэй холбон тайлбарлаж байв.
Сүүлийн долоо хоногт энэ үнэ тодорхой хэмжээгээр буурсан ч цаашид
нэмэгдэх хандлагатай байна гэж худалдаа эрхлэгчид хэлсэн. Ингэж гаднын
хүчин зүйлээс болж тогтворгүй байдаг үнийг бууруулах хамгийн зөв гарц нь
үндэсний үйлдвэрлэл.
Өнөөгийн нөхцөлийг өөрчилж, импортоос хамааралтай үнээс 2015 онд
сална гэж тооцоолж буй тухай Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан
хэлнэ лээ. Тэрбээр “Манай улс жилд нэг сая тонныг үйлдвэрлэх чадалтай
цементийн үйлдвэртэй боллоо. Дараагийнх нь хоёр ч үйлдвэрийн эх
үүсвэрийг шийдлээ. Иймээс бид 2015 оноос импортоор цемент авахаа болино”
гэсэн. Үнийн өсөлт юунаас шалтгаалав, цаашид хэрхэх талаар төрийн болон
төрийн бус байгууллагын байр суурийг сонирхлоо. Мөн энэ өсөлт барилгын
компанид ямар дарамт учруулж буйг тодруулсан юм.
ДОТООДЫН НИЙЛҮҮЛЭГЧИД ОЛШИРВОЛ ҮНЭ ТОГТВОРЖИНО
Б.Цэдэнсамба (Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга):
-Импортолсон нэг тн цементийн үнэ өдгөө 200.000 орчим төгрөг байна.
Эх орны үйлдвэрийнх 170.000 орчим төгрөг. Зах зээлд импортын цемент
голлож байгаа. Манай улсын аж ахуйн нэгжүүдийн цементийн хэрэглээ жилээс
жилд өсөж, дунджаар 2-3.5 сая тн цемент хэрэглэж байна. Эрэлт байгаа
тул импортоор цемент авахаас өөр аргагүй. Валютын ханш өссөнтэй
холбоотойгоор энэ төрлийн бизнес эрхлэгчид үнээ зориуд нэмсэн. Бодит
байдалд одоогийнхоос арай хямд байх боломж бий. БНХАУ-ын үйлдвэрүүд
цементийн үнээ тодорхой хэмжээгээр өсгөсөн сураг бий. Одоогоор сайн
судлаагүй байна.
Засгийн газар өнгөрсөн жил үнэ тогтворжуулах хөтөлбөр гаргаж,
цементийн үнийг тогтоон барьсан. Үүний дүнд өнгөрсөн оны мөн үед тн
цементийн үнэ 145.000 төгрөг байлаа. “Бараа бүтээгдэхүүний үнийг зах
зээлийнх нь жамаар байлгахгүй, хүчээр барилаа” гэхээс эхлээд үнэ
тогтворжуулах хөтөлбөр нэлээд шүүмжлэлд өртсөн тул энэ жил хэрэгжүүлэхээ
больсон. Үүнээс шалтгаалан цементийн үнэ зах зээлийнхээ жамаар өсөж
байна. Хөтөлбөр хэрэгжүүлэхийн оронд дотоодын цементийн үйлдвэрээ дэмжих
шийдвэр гаргасан. Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийг ашиглалтад
оруулсан. Тус үйлдвэр манай улсын цементийн хэрэглээний 50 хувийг
нийлүүлэх боломжтой. МАК компани үйлдвэрээ ашиглалтад оруулчихвал ирэх
оноос дотоодын цементээр улсынхаа хэрэгцээг бүрэн хангаж, үнэ тогтворжих
боломж бүрдэх юм. Тиймээс үнэд онцгой анхаарал тавилгүй, дотоодын
нийлүүлэгчдийнхээ тоог нэмэх зорилт тавьж, эргэлтийн хөрөнгийн зээл
олгоно. Дотоодын нийлүүлэгчид олширвол үнэ аяндаа тогтоно.
ВАЛЮТЫН ХАНШИЙН ӨСӨЛТИЙГ ДАГААД ЦЕМЕНТИЙН ҮНЭ ХЭД Ч БОЛЖ МАГАДГҮЙ
Б.Баатар (Монголын цементийн бизнес эрхлэгчдийн нэгдсэн холбооны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга):
-Валютын ханшийн өсөлт цементийн үнэ өсөх шалтгаан болж байна. Мөн урд
хөршийн үйлдвэрүүд зогссон нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. БНХАУ-аас
цемент оруулж ирж буй хүмүүс бүгд Эрээн хотын “Тайго”, “Мэнго”, “Тунхуй”
гэх гурван үйлдвэрээс авдаг. Энэ гурван үйлдвэр өнгөрсөн зургадугаар
сарын дундуур үйл ажиллагаагаа тав хоног зогсоож, цемент ховордон, үнэ
нь нэмэгдэн, тн нь 195.000 төгрөг болсон. Үйлдвэрүүд буцаад ажиллахдаа
цементийнхээ үнийг нэмлээ. Мөн тухайн үед цемент ховордож, өдөрт долоон
вагон ирж байсан.
Одоо 40-50 вагоноор оруулж ирдэг болж, үүнийг дагаад үнэ бууран тн нь
175.000 төгрөг боллоо. Энэ жишгээр цементийн үнэ наймдугаар сарын дунд
үе хүртэл бага зэрэг буурч, тогтвортой байна. Учир нь иргэд найр наадам
гэж яваад, наймдугаар сарын дундаас бүтээн байгуулалтын ажлаа эхэлдэг.
Энэ үеэс цементийн үнэ дахиад нэмэгдэнэ. Валютын ханш өдрөөр биш цагаар
өсөж байна. Импортын цементийн үнийн 75 хувийг валютаар төлдөг. Тиймээс
валютын ханшаас шууд хамааралтай. Ханшийн өсөлтийн хязгаар хэд болохыг
бид мэдэхгүй учир цементийн үнэ хэд ч болж магадгүй.
ҮНИЙН ӨСӨЛТ БАРИЛГЫН ҮНЭД НӨЛӨӨЛНӨ
Э.Өсөхболд (“Өндөр буянт” компанийн хангамжийн инженер)
-Эдийн засгийн хямралын энэ үед цементийн үнэ нэмэгдэх нь нэлээд дарамт
болох нь мэдээжийн хэрэг. Бэлэн мөнгөөр бус бартераар л худалдаа хийж
байна. Ганц манайд бус салбарын хэмжээнд ийм байдалтай байгаа.
Манайхны цемент авдаг Эрээн хотын үйлдвэрүүдийг БНХАУ-ын мэргэжлийн
хяналтын байгууллага шалгаад чанарт нь асуудал гарсан учир хэд хоног
хаасан юм билээ. Энэ үед манайхан Эрээнээс хол газраас цемент авахад
тээврийн зардал нь өндөр гарсан тул үнээ нэмсэн гэсэн. Холбогдох
байгууллагууд нь хэрхэн бууруулах тал дээр анхаарлаа хандуулахгүй бол
энэ маягаараа байвал барилгын үнэд нөлөөлнө.