Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерээд оны Монголын контемпорари урлагийн алтан хараацайнуудын үзэсгэлэн дахин дэлгэгдлээ

Монголын уран зургийн галерейд бямба гаригт “Эхлэл” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Монголын контемпорари урлагийн “Эхлэл”-ийг харуулсан уг үзэсгэлэнгийн куратораар Ардын зураач Н.Цүлтэмийн бага охин, урлаг судлалын ухааны доктор М.Уранчимэг ажилласан юм. Уг үзэсгэлэн түүний кураторын 25 жилийн ойтой давхацжээ.

“Эхлэл” үзэсгэлэнгийн зохион байгуулагчаар ажилласан Ц.Уранчимэг нээлтийн үеэр ийнхүү ярьсан юм.

-“Эхлэл” үзэсгэлэнгээрээ энэ гайхалтай уран бүтээлчдийн бүтээлийг толилуулъя гэж бодсон маань учиртай. Контемпорари урлаг хүчээ авч байна. Энэ залуус контемпорари гэж нэр томъёо монгол хэлэнд ороогүй байхад 1989 онд энэ урсгалыг эхлүүлж байсан юм. Энэ түүхийг залуус мэдэхгүй байна. Би судлаач хүн учраас энэ мартагдсан түүхийг үзэгчдэд сануулах, танилцуулах хэрэгтэй гэж бодсон юм. Та бидний гучаад жил үзээгүй эдгээр уран бүтээлийг дахин дэлгэн харуулж байгаадаа баяртай байна. Ардчилсан хувьсгал Монголд зөвхөн улс төр эдийн засгийн хүрээнд явсан юм биш. Улс төртэй огт холбоогүй, чөлөөт сэтгэхүй, болон өөрийн үзэл бодлоороо ялгарч, урлагийн талаарх ойлголт (концепци) нь тухайн нийгмийнхээ хүлээсэнд баригдахгүй болсон хэдэн залуу уран бүтээлчид Монголын контемпорари урлагийн эхлэлийг тавьсан юм. Г.Эрдэнэбилэг, Ё.Далх-Очир, Б.Гансүх, С.Машбат, С.Баянмөнх, Б.Вандан, З.Өсөхбаяр, М.Хуяг-Очир нар 1989-1990 оны үед “Ногоон морь” гэж анхны нийгэмлэгээс гадна “Тэнгэр”, “Сита арт”, “Эго арт”, “Шинэ урлагийн холбоо” үүсгэн байгуулж, урлагийн шинэ тунхаг зарлаж явсан түүхтэй гэлээ.

Зураач С.Машбатын “Дөнгөтэй бүжиг” зураг “Эхлэл” үзэсгэлэнд тавигдсан нь содон үзэгдсэн. Тэрбээр 1990 онд “Бухимдал” зургаараа нийгмийнхээ бухимдлыг илэрхийлж явсан уран бүтээлч.

С.Машбат хэлэхдээ “Бухимдаад л зураад байсан. Зогсонги үеийг бид эвдсэн. “Ногоон морь” нийгэмлэгийнхэн “Тунхаг” гаргаж байлаа. Бид эхлэл гэж хэлэхэд хэцүү. Монголын дэвшилтэт зураачдын хийсэн ажлыг бид үргэлжлүүлсэн” гэв.

-Тухайн үед үзэгчид та бүхний уран бүтээлийг яаж хүлээж авч байсан бэ?

-Ардын зураач Л.Гаваа, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Чогсом нар дэмжсэн. Бусад нь надтай муудсан. Заримтай нь бүр барилцаж авч явлаа. Биднийг ад үзэж байсан хүмүүс сүүлдээ хайртай болсон л доо. Ний нуугүй хэлэхэд бид жаахан эрт илүү сэтгэж байсан юм болов уу гэж бодогдож байна гэлээ.

Зураач Б.Вандан үзэсгэлэнгийн нээлтэд олуулаа ирсэн байлаа.

-Таны“Нэг алхам” гэж зураг их таалагдлаа. Тухайн үеийн зогсонги нийгэмд зоригтой, шинэлэг байж чадсан уран бүтээлчид гэж та бүхнийг тодорхойлж байна?

-Тухайн үед социалист реализм хүчтэй юм байлаа. Цензуртэй. Бидний бүтээлүүд тавигддаггүй. Манай “Тэнгэр” нийгэмлэгийнхэн өөрсөддөө л зориулж зурж байсан. Манай зураачид ихэвчлэн Дүрслэх урлагийн дунд сургууль төгссөн хүмүүс. С.Дондог багшийн шавь л даа, би. Тэр үед мэдээлэл ховор. Гадаадын сэтгүүлээс мэдээлэл авч байсан. Сальвадор Дали гэхээр хөрөнгөтөн орны зураач гэдэг. Хийсвэр урлаг зурлаа гэдэг байж. Тэд бидэнд сонин. Хүн хаалттай нууцлаг юмыг их сонирхдог юм билээ.

Тухайн үед биднийг маш их шүүмжилдэг байлаа. Ер нь шинэ юмыг хүмүүс тэгж л хүлээж авдаг. “Та нар өөрсдөө хийж байгаа юмаа ойлгохгүй байна” гээд янз бүрээр л шүүмжилдэг байсан. Энэ чиглэлийн ном ч ховор байж. Бид чинь нарийндаа бол дуурайх маягтай л эхэлсэн. Сүүлдээ аяндаа өөрийн үзэл бодолтой болж эхэлж байгаа юм л даа. Тэр үед оросын школоор зурж байсан гэв.

-Гучин жилийн өмнөх зургуудаа эргээд харахад ямар сэтгэгдэл төрж байна?

-Сонин байна. Хаалттай үед ингэж сэтгэж байна гэдэг бас л өвөрмөц сонин л харагдаж байна. Тухайн үедээ сонин сэтгэсэн юм байна гэж бодлоо гэв. (инээв)

Үзэсгэлэнгийн нээлтэд БСШУСЯны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн оролцож үг хэлсэн юм.“1989 он Монголд ямар нийгэм байсан билээ. Монголчууд ямар ч бэлтгэлгүй мөртлөө зоригтойгоор шинэ нийгэмд орж чадсан. Тэр үед урлагийн салбар хүндхэн байдалтай зах зээлд шилжиж байлаа. Эдгээр хүмүүс гучин жилийн өмнө залуухан зоригтой, эрч хүчтэй шинэчлэл хийсэн. Өнгөрсөн гучин жилд монголын урлаг дүрслэх урлаг, дүрслэлээр илэрхийлэгддэг тайзны урлагт ямар их өөрчлөлт гарсныг та бүхэн мэдэж байгаа. Эдгээр уран бүтээлчид энэ өөрчлөлтийн эх үүсвэрийг тавьж, бидний өнөөдрийн чөлөөтэй сэтгэх, сэтгэлгээний орон зайн цоожийг зоригтойгоор нээж өгсөн шонхорууд юм. Гайхамшигтай уран бүтээлчдийн дэргэд гайхалтай эмэгтэйчүүд байдаг. Өнөөдрийн гол баатруудын нэг нь урлаг судлаач Ц.Уранчимэг юм. Мэргэжлийн, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн мэдлэг, боловсрол, судлаачийн ажил, туршлагаараа, гэрийн хүмүүжлээрээ Цүлтэмийн Уранчимэгийн зиндаанд хүрсэн дэлхийнд данстай куратор цөөн билээ. Би өөрөө балетийн бүжигчин хүн. Монголд анх удаа контемпорари урсгалын балетын тоглолт хийж байсан. Эдгээр уран бүтээлчидтэй бүгдтэй нь хамтарч ажиллаж байлаа. Эд маань байгаагүй бол бид өнөөдрийн түвшинд хүрэх байсан болов уу гэж боддог шүү” гэж тэрбээр хэлсэн.

Үүргэвчтэй аялагч, “Шар айраг”ийн Г.Ганхүү нээлтийн ёслолыг хөтөлж, “Appleпродакшн хамтран зохион байгуулжээ.

“Эхлэл” үзэсгэлэн энэ сарын 21-нийг хүртэл үргэлжилнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *