Categories
мэдээ нийгэм

Эрдэнэтийн ДЦС-ыг 53.8 сая ам.доллараар өргөтгөнө

Өнөөдөр “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийн хүчин чадлыг СС-50 МВт-ын турбогенератороор өргөтгөх, зарим тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийн ажлыг гүйцэтгүүлэхээр Hunan Industrial Equipment Installation компанитай гэрээ байгууллаа. Гэрээнд ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, “Hunan Industrial Equipment Installation” компанийн Ерөнхий менежер Ли Зен Лай нар гарын өнөөдөр үсэг зурсан юм.

Энэ гэрээт ажлыг нийтдээ 53.8 сая долларын хөрөнгөөр 365 хоногт багтаан барьж гүйцэтгэх ажээ. Төслийн хөрөнгө оруулалтын 85 хувийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд, 15 хувийг Монгол Улсын Хөгжлийн банкнаас тус тус санхүүжүүлж байгаа аж.

Тус өргөтгөлийн хүрээнд СС-50 турбогенератор шинээр суурилуулж, хими ус цэвэрлэгээний тоног төхөөрөмжийг шинэчилж, эсрэг осмосын технологид шилжүүлэх, сүлжээний групп бойлер шинээр суурилуулах, хөргөх цамхаг шинээр барих, 3 км агаарын шугам, ил, далд хуваарилах байгууламж, трансформатор, цахилгаан удирдлага, хамгаалалт, автоматикийн хамт суурилуулах юм байна.

Энэ төсөл хэрэгжсэнээр Эрдэнэтийн дулааны станцын цахилгаан эрчим хүчний боловсруулалт 2.5-3.0 дахин нэмэгдэж, ОХУ-аас авч байгаа импортын хэмжээг бууруулах, улмаар эрчим хүчний салбарын алдагдалд эерэгээр нөлөөлөх томоохон бүтээн байгуулалт болох аж. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Эрдэнэтийн станцын цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг 41.3 төгрөгөөр бууран 67.5 төгрөг болж, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц жилд 7.5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, анхны хөрөнгө оруулалтаа 7.5 жилд нөхнө. Ингэснээр 100 гаруй мянган хүнтэй Эрдэнэт хотын дулааны эрчим хүчний хэрэглээг ойрын 25-30 жилд бүрэн хангах нөхцөл бүрдэх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *