“Иргэнээ сонсох 11-11 төв” ТББ-аас өнөөдөр иргэдээс ирсэн гомдол, саналын талаар хэвлэлийн хурал хийлээ. Хуралд тус байгууллагын тэргүүн М.Хүдэрбаатар, зохион байгуулагч Б.Хархүү нар оролцлоо.
Тус төвөөс гуравдугаар сард “Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн 51 хувийг хувьчлуулах, шалгуулах” асуудлыг онцлох сэдэв болгон санал авчээ. Нийт 500 гаруй иргэн холбогдож санал бодлоо хэлжээ. Энэ тухай М.Хүдэрбаатар “Иргэдийн хамгийн их бухимдаж ярьдаг зүйл бол халаас хоосон байгаадаа бус өөрсдийнх нь цалин тэтгэвэр, тэтгэмж болж ирэх ёстой мөнгө хэдхэн хүмүүсийн цалин хангамж болж очиж байгаатай холбоотой. 2017 оны гуравдугаар сарын 30-ны өдөр бид төрийн гурван өндөрлөгт “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувьтай холбоотой 200 гаруй иргэдийн ирсэн саналыг хүргүүлж байна” гэв.
Харин Б.Хархүү энэ талаар “Иргэдээ сонсох 11-11 төвд иргэд баримттай олон асуудлыг өгч байгаа. Тухайлбал “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувь нь яг төрийн мэдэлд байна уу, 20 хувийг нь хувьчилчихсан байна уу гэдгийг шалгуулах шаардлагатай байна. “Эрдэнэт үйлдвэр”-ийн мөнгөөр хэд хэдэн компани байгуулж эргүүлээд юм шахдаг байсан гэх мэдээлэл бий.Тиймээс бид иргэдийн өгсөн мэдээллийн дагуу шалгуулах шаардлагатай зүйлсийг шалгаж тогтоохыг хүсэж байна” гэв.
Тэдний сануулах бичигт дараах хоёр асуудлыг дэвшүүлжээ. Үүнд:
- Иргэдийн мэдээллийг нягталж, шалгахгүйгээр олон түмэнд цацах, түгээх боломжгүйн дээр шалгаж үнэн зөвийг тогтоох нь Монгол Улсын төрийн үүрэг тул “Эрдэнэт үйлдвэр”-ийн санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийх ажлын хэсгийг 2017 оны дөрөвдүгээр сарын 10-ны дотор байгуулах,
- Одоо хууль ёсоор төрийн мэдэлд байгаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг бүтэн болон хэсэгчлэн хөрөнгийн биржээр шударгаар хувьчлах асуудлыг судлах, боловсруулах ажлын хэсэг байгуулах асуудлууд багтаж байна.
Хэрэв иргэдийн санал хүсэлтийн дагуу тавьж буй энэ асуудлыг хэрэгжүүлэхгүй бол олон нийтэд хандан шийдвэртэй тэмцэнэ гэв.