Categories
мэдээ улс-төр

“Эрдэнэт”-ийн 49 хувийг чуулганаар хэлэлцүүлэхээр болов

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах тогтоолыг чуулганаар хэлэлцүүлэхийг 71.4 хувь нь дэмжлээ.

Дээрх шийдвэрийг гаргахын өмнө УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Ялын тогтоол шиг болчихлоо гэж ярьж байна, үйлдэл нь тийм юм чинь яах юм. Ял хэлэлцдэг газар нь шүүх. Тэндээ очиж ялаа ярьцгаа.

Ямар учраас нууц тушаалаар Монголбанкнаас 360 тэрбум төгрөг гаргуулж авдаг билээ. Зургадугаар сарын 28-нд “Эрдэнэт” эзлэгдсэн. Та бүхэн энийг хатуу хөтүү гэж яриад байх шиг байна.

Хуулийн талаасаа энхрийлэх юм наана чинь байхгүй. Хамаагүй байсан юм бол мөнгөгүй компанид өгчихгүй яасан юм. Танил тал сүлжээгээрээ дамжуулдаг.

Сайханбилэгийн Засгийн газар байх ёстой юм уу, энэ асуудлыг хэлэлцэхэд.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр: “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар Засгийн газраас дүгнэлт гаргасны дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Авлигатай тэмцэх газарт хандан албан тушаалаа урвуулан ашигласан гэмт үйлдлийн шинжтэй асуудал байж болзошгүй байна, шалгаж өгөөч гэж хүсэлт илгээсэн. Нийслэлийн прокуророос “Гэмт хэргийн шинжгүй байна” гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Энэ шийдвэр нь 2016 оны арванхоёрдугаар сарын 20-нд гарсан юм билээ, татгалзсан бичгийг 2017 оны нэгдүгээр сарын 17-нд ирүүлсэн. Шийдвэр нь гарснаас хойш 20 гаруй хоногийн дараа бичиг ирүүлсэн.

Ж.Батзандан: -УИХ эрүүл шийдвэр гаргах ёстой. Төр өмч хөрөнгөө буцааж авах хэрэгтэй. Энэ асуудлыг бид дотооддоо ярилцаад шийдэх нь зөв. Худалдан авалт хулгайн шинжтэй байгаа нь ажлын хэсгийн шалгалтын дүнд ил тод болсон шүү дээ. Анх худалдан авсан цагаас нь хойш л Эрдэнэбилэг гэж хүний нэр дуулдаад байсан. Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар хотын банкны хувьцаа эзэмшигч гэсэн. Энэ хүн Баргалжуутын төмрийн ордоос гадна стратегийн олон ордыг авлаа. Манай Засгийн газар мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлж УИХ-аар оруулахгүйгээр хууль бус шийдвэр гаргасан. Монголын ард түмнээ боддог Засгийн газар байсан бол энэ олон стратегийн ордуудыг аваад ашиглах бүрэн боломжтой байсан. Бондын мөнгийг хулгайн бүлэглэлийн төлөө зарцуул гэсэн хууль хаана ч байхгүй. Тиймээс энэ бүхнийг цэцлэх ёстой. Монголын төрийг хувьчилж авсан хулгайн бүлэглэл улсын хөрөнгөөр тоглоод дууслаа. Ямар ч асуудлуудыг УИХ хэлэлцэн шийдвэрлэх бүрэн эрхтэй. Тиймээс УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж хулгай луйварыг таслан зогсоох ёстой. Монголын төр сахал Эрдэнэбилэг гэдэг ганцхан хүний тоглоом болж байна. 65 суудалтай МАН үүнийг зогсоохгүй юм уу. Бүх гишүүдийг лоббидоод явж байгааг би мэдэж байгаа. Манай бүлэг дотор ч эсрэг, тэсрэг байр суурьтай гишүүд бий. АН-ын бүлгийн цөөнгүй гишүүд нь Худалдаа хөгжлийн банктай холбоотой. Эрдэнэт, Цагаансуварга, Асгатын мөнгөний ордтой холбоотой луйврыг зогсоож ард иргэдийнхээ талд шийдвэр гаргая гэсэн бодолтой гишүүд цөөхөн байна. МАН-ын гишүүд битгий худалдагдаасай. УИХ эрүүл шийдвэр гаргаж, хулгайд алдагдсан эд хөрөнгөө буцааж авах ёстой. МАН-ынхныг эх оронч, шударга байгаасай гэж хүсч байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нь асуудал үүсвэл огт хариуцлага үүрэхгүй шүү, мөнгө өгөхгүй шүү гэлээ. Олон улсын арбитрт очихоор хөрөнгө гаргаж л таараа. Нэгэнт ажлын хэсэг гарсан юм чинь тогтоол гарч таарна. Тогтоолоо зөв гаргах ёстой.

Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана гэж. Миний ойлгож байгаагаар Оросын тал маргаанд татагдан орох вий гэдгээс болгоомжтой хандаж байгаа болов уу.

Байнгын хорооноос 49 хувийг Монголын төрд шилжүүлэх асуудлыг яаралтай шийд гэж. Ерөнхий сайдын хувьд оролцох нь зөв байх, Хууль зүйн байнгын хорооны даргын хувьд энэнд оролцох нь зөв үү.

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааг Монголбанк, Хөгжлийн банк зэргээс суутган тооцъё гэжээ. Зээлийн гэрээ гэж ойлгох юм уу, хуйвалдаж төрөөс мөнгө хулгайлсан гэж үзэх юм уу үүнийг сайн ялгаж зааглах ёстой гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *