“Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулга уулзалт амралтын өдрүүдэд зохиогдож байна. Уг чуулга уулзалтын үеэр “Өмч хувьчлал Монголд: Боломжууд ба өнгөрснөөс авах сургамж” хэлэлцүүлэг оролцогчдын сонирхлыг татаж байлаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, эдийн засагч Р.Амаржаргал, Л.Наранбаатар “Эрдэнэс Монгол”-ын дэд захирал Г.Ганболд нар оролцож, “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцааны асуудлаар санал бодлоо илэрхийлсэн. Сү.Батболдын Засгийн газрын үед “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг иргэн бүрт эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь өнөө ч эдийн засаг, улс төрийн хэрүүлийн гол сэдэв байсаар байна. Тэгвэл чуулга уулзалтын үеэр “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирал Г.Ганболдын өгсөн мэдээлэл эдийн засгийн хувьд шинэ мэдээлэл байлаа. Тэрбээр 1072 ширхэг хувьцааг “амь оруулах” үүднээс “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой” компаний Сангийн яамтай хамтарч хувьцааны бүртгэлийн асуудлыг Засгийн газраас шийдвэрлүүлэхээр ажиллаж байгааг дуулгаад, энэ оны хоёрдугаар улиралд нааштай шийдвэр гаргана гэсэн шинэ сонинг дуулгасан юм. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг бүртгэлжүүлснээр, иргэн бүрт эзэмшүүлсэн 1072 хувьцааны ногдол ашгийг 2018 оноос эхлэн жил болгон хүртээх боломжтой болохыг Г.Ганболд захирал хэлсэн юм.
Чалкогийн өрийн төлсөнтэй холбоотойгоор “Эрдэнэс Тавантолгой” компани IPO гаргах ёстой гэсэн яриа ч эдинй засгийн хүрээнээс сонсогдох болсон. Тиймээс “Эрдэнэс Монгол”-ын захирал энэ асуултад “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд эхний ээлжинд хувьцааны бүртгэлээ хийж дуусгана. 2018 оны дундуур зарим урт хугацаат өр төлбөрийг цэгцэлж IPO хийх үйл ажиллагаандаа орох байх. Мэдээж IPO хийхийн тулд санхүү болон үйл ажиллагааны тодорхой шалгууруудыг хангасан байх шаардлагатай. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд ихэнхи хөрөнгийн биржүүдийн шаарддаг санхүүгийн үзүүлэлтүүдээ сайжруулах нь нэн тэргүүний ажил. Ийм учраас IPO хийх үйл ажиллагааг хангахын тулд тодорхой цаг хугацаа зайлшгүй хэрэгтэй” гэсэн юм. Ийнхүү зургаа, долоон жил үхмэл цаас байсан “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцаа эдийн засгийн эргэлтэд орох хүлээлт үүсээд байна.