Categories
гадаад мэдээ

Эрдэмтэд боомын халдвар авчээ

АНУ-ын Жоржиа мужийн Атланта хот дахь Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн 75 эрдэмтэн боомын савханцарын халдвар авсан байж болзошгүй гэнэ. Энэ талаар тус төвийн төлөөлөгч Пол Мичэн мэдэгдэхдээ уг хэрэг зургадугаар сарын 13-нд гарсан. Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн харьяа нэгэн лабораторид ажиллаж байсан судлаачид нянгийн идэвхижилтийг бууруулахтай холбогдуулан шаардлагатай арга хэмжээ авах ёстой байжээ. Тодруулбал, боомын савханцрыг нэг лабораториос өөр газарт шилжүүлэхдээ техникийн аюулгүй байдлын дүрэм зөрчсөнөөс судлаачид халдвар авсан байх магадлалтай гэнэ. Боом өвчний нууц үе нь 5-8 хоног байдаг зарим судалгаагаар 60 хоног үргэлжилдэг байна. П.Мичэний ярьснаар халдварын голомтод долоон судлаач ажиллажээ. Урьдчилан сэргийлэх зорилгоор үлдсэн ажилчдыг ч үзлэгт хамруулсан гэнэ. Мөн халдвар авсан судлаачдыг 60 хоногийн турш антибиотик уухыг зөвлөн, боомын эсрэг вакцин тарьжээ. Одоогийн байдлаар дээрх төвд буруутай этгээдийг тодруулахаар ажиллаж байна. Мөн энэ нь санамсаргүй тохиолдол байсан эсэхийг шалгаж байгаа аж. Холбооны мөрдөх товчооны хэвлэлийн төлөөлөгч “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа “Бид энэ талаарх мэдээллийг олон нийтэд ил болгож, тус төвийнхөнтэй хамтран ажиллаж байна. Эл хэрэг нь гэмт хэргийн шинжтэй гэж  хэлэх үндэслэл одоогоор алга” гэв.