Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 8 дугаар сарын 25-ны байдлаар дунджаар 67.5 хувь, санхүүжилт 44.2 хувийн гүйцэтгэлтэй явж байна.
Энэ талаар Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнайгаар ахлуулсан салбарын үйлдвэр, ААН, компаниудын ерөнхий инженерүүдийн шуурхай хуралдаан дээр танилцууллаа. Хуралдаанд 43 байгууллага ААН-ийн удирдлага, төлөөлөл, инженерүүд цахимаар оролцож 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэлийн явц, тулгамдаж буй зүйл, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж, холбогдох үүрэг даалгаврыг өгсөн байна.
Энэ оны өвөлжилтийн бэлтгэл хангахад үндсэн болон туслах тоноглолын их засварын 1156, хөрөнгө оруулалтын 603, техник зохион байгуулалтын 508, нийт 2267 нэр төрлийн ажил төлөвлөн хийж байна. Шуурхай хуралдаанаар Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай ерөнхий инженерүүдэд дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
- Эрчим хүчний үйлдвэрүүдийн их засвар, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлж, өвлийн ачаалал эхлэхээс өмнө дуусгах,
- Ажлын гүйцэтгэлийн чанарт анхаарч, тайланг 2 долоо хоног тутамд ЭХЯ-нд ирүүлэх,
- 2020-2021 оны өвлийн их ачааллын горимын саналаа “ДҮТ” ХХК-тай зөвшилцөж, тус компаниас ирүүлсэн саналыг хянаж, өвлийн их ачааллын горимыг эх үүсвэрүүдэд хийж буй төсөл хөтөлбөрийн ажлын явцтай уялдуулан, зөв оновчтой төлөвлөх;
- Улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад, дотоодын зээлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн ажлыг яаралтай дуусгаж, өвлийн ачаалал эхлэхээс өмнө залгаж, ашиглалтад оруулах;
- Эрчим хүчний нүүрс олборлогч уурхайнууд бэлэн нүүрсний нөөцийг төлөвлөсөн хэмжээнд барьж ажиллах;
- ДЦС болон дулааны станцууд өвлийн их ачааллын үеийн нүүрсний аюулгүйн нөөцийг баталсан төлөвлөгөөний дагуу бүрдүүлэх;
Цахилгаан эрчим хүч түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд өөрийн эзэмшлийн шугам, дэд станцуудад үзлэг үйлчилгээг хийх, ашиглалт, аюулгүй ажиллагааны талаар мэдэгдэл хүргүүлэх, шаардлагын дагуу арга хэмжээг тогтоосон хугацаанд аваагүй бол цахилгаан хангамжийг түтгэлзүүлэхийг үүрэг болгов.
2020-2021 оны өвлийн их ачааллын горим ажиллагааг хүндрэлгүй даван туулахын тулд “ДЦС-4” ТӨХК-ийн турбогенератор 2, 3-ийг шинэчилж 46 МВт-аар хүчин чадлыг нэмэгдүүлэх, “Эрдэнэт ДЦС” ТӨХК-ийн 35 МВт-ын өргөтгөлийн ажлууд болон бусад үйлдвэр, дамжуулах түгээх сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Д.СУВД-ЭРДЭНЭ